Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй…” гэж заасан билээ.

Монгол Улс хүүхдийн эрхийг баталгаажуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүүхэд хамгааллын үйлчилгээ, бүтэц, тогтолцоог шинэчлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал, хүүхдийн эсрэг хүчирхийлэл түгээмэл байсаар байна.

Хүүхдийн хамгаалуулах эрх нь хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.

Дотуур байранд суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхөөс сэргийлэх, хамгаалах нь тухайн сургууль болон холбогдох төрийн байгууллагуудын үүрэг юм.

-Дотуур байрны хүүхдүүд багшийн гарын шүүс болох учиргүй-

Монгол Улсын хүүхдийн эрхийн холбогдох хууль тогтоомжид сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган мөрдөж ажиллана гэж заасны дагуу ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхэд бүрийг сургууль, дотуур байрын орчинд бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн, үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гэмт хэрэг, зөрчил гарсаар байна. Хүүхдүүд хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээх тохиолдол цөөнгүй. Үүнээс гадна багш нь дотуур байрны сурагчдад эр бяраа гаргаж, зодож танхайрах үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай юм.

Ойрын жишээ дурдвал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дотуур байранд амьдардаг 20 эрэгтэй сурагчийг дотуур байрны багш нь зодож гэмтээсэн хэрэг саяхан гарчээ. Тэрхүү багш сурагчдыг дотуур байрандаа бохир заваан суулаа гэж ороолгож зодсон аж. Сургуулийн эмчийн үзлэгээр 20 сурагчийн нуруу улайж, гүвдрүүтсэн байжээ.

Тус дотуур байрны багш дээрх сурагчдыг мяндсан олсоор ороолгосноо хүлээн зөвшөөрч, ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн мэдээллийг эх сурвалж өгч буй юм. Чангахан ч загнаж чадахгүй, гар хүрч ч үзээгүй эцэг эхчүүд ийм “харгис” үйлдэлтэй эвлэрч чадахгүй байгаа нь зүйн хэрэг. Багш ажлаасаа халагдаад зогсохгүй хууль хяналтын байгууллага гэм бурууг нь тогтоож, бусдад “үлгэр” болгох ёстой юм. Бусдын хүүхдэд эрдэм ном л заа. Харин бүү гар хүр, багш нар аа…

-XXI зуунд Монголын дотуур байрны сурагчид бясаанд хазуулсаар байна

Өнөөдрийг хүртэл сургууль болон дотуур байрын эмч, сэтгэл зүйчийн орон тоо тусдаа шийдвэрлэгдээгүйн улмаас дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалттай холбоотой асуудал гарсан тохиолдолд дотуур байрын багш болон сургуулийн нийгмийн ажилтанд хандаж, сэтгэл зүйн үйлчилгээг орлуулан авх ёстой. Гэтэл энэ байдал үнэхээр хангалтгүй байдаг талаар эцэг, эхчүүд хэлж буй юм.

Сургуулийн дотуур байр гэдэг тэнд амьдарч буй хүүхдүүдийн хувьд гэр нь гэсэн үг. ХЭҮК-ын БШУЯ-тай хамтран хийсэн судалгаанд хамрагдсан дотуур байрын 85.7 хувь нь хүүхэд хөгжлийн өрөөтэй хэдий ч талбайн хэмжээ 30м2-аас доошгүй байх стандарт шаардлага 25 хувьд огт хангагдаагүй.

Өрөөг хөгжим, зурагт, компьютер, буйдан, хүүхдийн сэтгэхүй, оюун ухаан хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, шаардлагатай бусад эд зүйлсээр хангасан байдал 8.3 хувьд огт хангагдаагүй, 58.3 хувьд зарим талаар хангагдсан байдалтай байжээ. Зарим дотуур байрын хүүхэд хөгжлийн өрөө нь байнга түгжээтэй байдгийн улмаас хүүхдүүд хүссэн үедээ үйлчлүүлж чаддаггүй байна.

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 4 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгөөр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхээ эдлэхдээ оршин суудаг газраасаа тогтмол явах боломжгүй, өнчин буюу амьжиргааны түвшин доогуур тохиолдолд дотуур байраар хангагдах эрхтэй” гэж заасан нь бий.

ХЭҮК-оос мэдээлснээр, 2021-2022 онд улсын хэмжээнд нийт 548 дотуур байранд 34546 хүүхэд амьдарч байгаагаас нийслэлд 20, аймгийн төвд 50, сумын төвд 418, багийн төвд 60 дотуур байр байгаа нь сум орон нутагт уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэгтэй холбогдуулан малчин өрхийн хүүхдүүд дотуур байранд зонхилон амьдардаг байна.

Үүнээс гадна дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч буйг засаг төрийн удирдлага анхааралдаа авах шаардлагатайг энд онцолъё. Жишээ дурдахад, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын “Номундалай” цогцолбор сургуулийн охидын дотуур байр 1966 онд ашиглалтад орж, дотор засвар хийгдэж байгаагүй аж.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 05-07-003/75 дугаартай, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05-07-003/35 дугаартай дүгнэлтээр сургалтын үйл ажиллагаа явуулах стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага, барилгын норм дүрмийг хангахгүй, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамжгүй, хүүхэд амьдрахад аюултай орчин тул ашиглалтыг зогсоох шаардлагатай гэж дүгнэсэн хэдий ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хан Хэнтий цогцолбор сургуулийн дотуур байр сургуулийн байранд байрладаг бөгөөд хүүхдийн амьдрах өрөөнүүд бясаатай байжээ. Нэгэн сурагч ярихдаа “…Манай өрөө бясаатай. Унтаад босоход зөндөө хазсан байдаг. Байрын багшид хэлж хор цацуулдаг боловч ерөөсөө арилдаггүй.

Бясааны тос авч түрхдэг… Гэрлээ асаахаар өрөөний ханан дээр бясаа явж байдаг. Манай өрөөний ханын цаасыг хуулсан ч бясаа арилаагүй” гэж ярьжээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Khvnii erh gej soliorch bhaar hvvhedee hvmvvjil bid nar 10 jildee modoor nvdvvleed zov zvgeet 2 chih zoollorood saihan l bsan

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу