Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн тусгажээ.

Энэхүү  өөрчлөлтийн төслийг УИХ 91.2 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдохоор болсон. Ард иргэдийн нэлээд шүүмжлэлтэй тулгарч батлагдсан уг өөрчлөлтийн үр дүнг бид ирэх жилийн сонгуулиар харах үлдлээ. Энэхүү асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.БАТЖАНЦАН: 

Сонгуулиар саналаа бол өгнө өө. Нам биш, хүнийг нь харж судалж байж саналаа өгмөөр байх юм. Гишүүдийн тооны асуудал бол зөв, буруу хоёр талтай. Нэгэнт сонгогдчихвол хэрхэн ажиллахыг нь харах хэрэгтэй. Үнэхээр ууж идэх нь багасаад, ажил нь дээрдэж байвал болохгүй ч зүйл алга л байна даа.

 Сүхбаатар дүүргийн иргэн: Н.НЭРГҮЙ:

-Одоогоор аль намд санал өгөхөө мэдэхгүй л байна. Харж байж болох байх. Мөн гишүүний тоо нэмэгдсэнээр гарах үр дүнг сонгогдсоны дараа л мэдэх боломжтой. Хүлээж л байхаас өөр аргагүй шиг байна. Анхнаасаа гишүүдийн тоог нэмэхийг иргэд дэмжээгүй. Сонгуулийн оролцоо муу л байх болов уу.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.ЖАВЗМАА:

-Би бол нам бус хүн. Энэ удаагийн сонгуульд ямартай ч саналаа өгнө, тухайн үеэсээ болох байх. Гишүүдийн тооны асуудалд дурамчхан л байна. Өмнө нь бүр ч бага тоотой гишүүдтэй байхад болж л байсан. Одоо нэмэгдээд ямар байгааг мэдэрч байгаа байлгүй дээ, монголчууд. Цаашдаа улам дордож ч мэднэ.

 Иргэн Х.БОЛД:

-Ялгаагүй дээ. Гишүүдийн тоо ихсэх, багасах ялгаагүй л санагдаж байна. Улам л дордох болов уу. Сонгуулиа бол өгнө. Гэхдээ нэр дэвшигчийн сурталчилгаа, мэдээлэлтэй танилцаж байгаад саналаа өгнө дөө.

Баянзүрх дүүргийн иргэн Б.САРАНГЭРЭЛ: 

“Иргэнийхээ үүргийг биелүүлж, сонгуулиа өгнө. Нам гэвэл Ардчилсан намд өгөөд үзнэ гэж бодож байна. Шинэчлэгдэж, залуужиж байгаа учраас нэг удаа боломж олгоод үзэхэд буруудах зүйлгүй байх. Хангалттай олон жил Ардын нам олонх байсан.

Гишүүдийн тоо нэмэгдэх асуудлыг бол иргэнийхээ хувьд дэмжиж байна. Одоо байгаа хэрээс хэтэрсэн эрх мэдэл, үзэл суртал хуваагдах боломжтой хувилбар юм. Олон жил бугшсан одоогийн их хуралд шинэчлэл хийх цаг болсон.

Иргэн М.ХҮҮ:

-Сонгох хүн олдохгүй бол сонгуулиа бараг өгөхгүй байя гэж бодож байна. Одоо байгаа 76 нь ийм байхад адилхан 76 нөхөр ороод ирвэл ямар болох вэ? Улам л дордох юм шиг санагдаж байгаа даа.


Зургаан иргэнээс гишүүдийн тоо нэмэгдсэнээр монголчуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөж, дээшлэх тухай асуухад хоёр иргэн л сайжирна гэж хариулж байлаа. Эрх мэдэл хуваагдсанаар гишүүний эрх ямба буурч, ажлын бүтээмж дээшилнэ гэж тэд үзэж байсан юм. Харин үлдсэн иргэд “Улам олуулаа улсын мөнгө хувааж идэх гэж байна” хэмээн шүүмжилж байлаа. 

Ирэх оны сонгууль хүртэл нам эвслүүд аль сайнаараа бэлдэж, ард түмнээс үнэлгээ авахын тулд хичээх өдрүүд хэдийнэ эхэлжээ. Бидэнд яг юу хэрэгтэй, түүнийг хэн хэрхэн чиглүүлж явахыг сонгох учир иргэн та ч мөн сонгуульдаа идэвхтэй оролцож, үзэл бодолдоо үнэнч байгаарай. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу