Мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллага (ФАТФ) Монгол Улс дахь мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, хууль бус санхүүжилттэй холбоотой үйл ажиллагааг 2017 онд хянан шалгасан. Улмаар нийт 40 зөвлөмжөөс 15-ыг нь хангалтгүй биелүүлж байна гэж дүгнэн, 2019 онд тус байгууллагын стратегийн дутагдалтай орнуудын гэх “саарал жагсаалт”-д оруулсан билээ.

Монгол Улс дутуу гүйцэтгэлтэй байсан зургаан үүрэг даалгаврыг биелүүлснээр 2020 онд дээрх жагсаалтаас гарсан. Өдгөө Монгол Улс жил бүр ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн салбар байгууллагад тайлангаа хүргүүлдэг. Хамгийн сүүлд энэ оны долдугаар сарын сүүлээр Канадад болсон бүсийн уулзалтад оролцож, тайлангаа хамгаалжээ. Улмаар тайлан батлагдаж, олон улсад гарч ирснээр Монгол Улс ФАТФ-ын нийт 40 зөвлөмжийн үнэлгээг ахиулан, бүрэн биелүүлсэн орон болсон байна.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар хэлэхдээ “Монгол Улс 40 зөвлөмжийн 8 дахь үнэлгээг сайжруулах шаардлагатай байсан. Нэг ёсондоо үүний өмнө Монгол Улс ФАТФ-ын нийт 40 зөвлөмжийн 39-ийг нь биелүүлээд байсан гэсэн үг.

Дутуу байсан нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотойгоор ашгийн бус байгууллагууд (ТББ-ууд)-ын үйл ажиллагааг хянах явдал байлаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулагдан, дээрх үйл ажиллагааг сайжруулсан.

Цаашид анхаарах зүйлийн тухайд, Монгол Улс мөнгө угаах, терроризмтэй тэмцэхтэй холбоотой үйл ажиллагааг сайжруулах хүрээнд: Эрсдэлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, Комплайнсын зөвлөл, финтекийн холбоо байгуулах, Цахим платформтой болох “амлалт”-ыг ФАТФ-ын өмнө авч байна.

Мөн Монгол Улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлуулан гаргаж мөрдөж эхэлсэн. Ингэснээр Ази тивдээ виртуал зохицуулалтыг хийсэн анхны орон болсон. Эдгээр ажлыг хийснээр Монгол Улсын үнэлгээ ахисныг албан ёсоор зарлаад байна. Үүнийг дагаад манай улсын мөнгө, санхүүгийн салбарт эерэг өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нэр хүндэд таатай нөлөөлнө гэсэн хүлээлт бий болж байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа хамтын ажиллагаан дээр суурилдаг. Монгол Улс энэ чиглэлээр Үндэсний болон Хамтын ажиллагааны гэсэн хоёр зөвлөл байгуулан, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх ФАТФ-ын үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Энд төрийн 20 орчим байгууллага хамрагдан ажиллаж байна.

Улсын хэмжээнд санхүүгийн эрсдэлийн үнэлгээ хийхээс эхлээд урдчилан сэргийлэх, мэдээлэх, дүн шинжлэх зэргээр зохицуулах болон хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлд тулгуурлан ажиллаж байна. Хамтын ажиллагааны зөвлөл дээрх үйл ажиллагааг бүхэлдээ зангидан, хийж буй ажлаа Үндэсний зөвлөлдөө тайлагнан ажиллаж байна” гэв.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу