Ашигт малтмал, газрын тосны газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ), Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ), planetGOLD Монгол төсөл хамтран “Бичил уурхайн бүсийн зөвлөгөөн”-ийг Алтай хотод 2023 оны 9-р сарын 26-ны өдөр зохион байгуулав.

Зөвлөгөөнийг нээж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, planetGOLD Монгол төслийн Менежер Б.Алтанбагана нар үг хэлэв. Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат нээлтийн үгэндээ төрийн байгууллагын төлөөлөл болон бичил уурхай эрхлэгч иргэдийн төлөөлөл хамтран зөвлөлдөх боломж олгож буй энэ төрлийн зөвлөгөөн нь бичил уурхайн салбараар хязгаарлагдахгүй орон нутгийн түвшинд нэн чухал.

Хууль, журмын талаар нэг ойлголттой болж, тал талын асуудал бэрхшээлийг биечлэн сонсож, харилцан зөвлөх нь цаашдын шийдвэрүүдэд ач холбогдол өндөртэй хэмээн тодотголоо.

 planetGOLD Монгол төслийн Менежер Б.Алтанбагана хэлсэн үгэндээ, энэхүү зөвлөгөөн нь 2022 оны 8-р сард батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд ямар бэрхшээл сорилт тулгарч байгаа, ямар ололт амжилт гараад байгаа талаар төрийн байгууллага, холбогдох ТББ болох МБУНДХ, мөн бичил уурхайчид бүгд хамтран хэлэлцэж байгаагаараа цаг үеэ олсон арга хэмжээ болж байгааг онцлов.

Түүнчлэн тэрбээр энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бичил уурхайн тухай заалт оруулахад дэмжлэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Зөвлөгөөний илтгэлүүдийг нээж Ашигт малтмал, газрын тосны газрын Баруун бүсийн төлөөлөгчийн газрын дарга П.Эрдэнэчулуун “Бичил уурхайн эрх зүйн орчин ба Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр шинээр байгуулагдсан Баруун бүсийн төлөөлөгчийн газрын бүтэц, чиг үүргийг танилцуулж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг хангах, салбарын нэгдсэн судалгаа, тооллого хийх зэрэг холбогдох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг мэдээлэв.

Дараагийн илтгэгч planetGOLD Монгол төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ бичил уурхай ба алтны нийлүүлэлтийн сүлжээ, мөнгөн усны хор хөнөөлийн талаар мэдээлэл өгөв. Тэрээр Бичил уурхай нь алтны худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болж байгааг хүлээн зөвшөөрч эрх зүйн орчин, албан ёсны эдийн засгийн үйл ажиллагааг дэмжсэнээр энэ салбарт давуу тал бий болох боломжтойг илтгэлдээ дурдлаа.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын Улсын байцаагч Д.Эрхэмбаяр, МБУНДХ-ны Тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга Н.Нарантөгс нар бичил уурхайн журмын хэрэгжилтийн нөхцөл байдал болон тус бүрийн чиг үүргийн талаар танилцуулав.

Зөвлөгөөний панел хэлэлцүүлэг “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий талуудад тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлүүд”, “Бичил уурхайчдын амьжиргаа, ажлын байр, эдийн засгийн бололцоог нэмэгдүүлэх, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн ямар арга хэмжээнүүд байж болох вэ” болон “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай” сэдвүүдийн хүрээнд тус тус өрнөлөө.

Хэлэлцүүлгийн панелистаар Ашигт малтмал, газрын тосны газрын Баруун бүсийн төлөөлөгчийн газрын дарга П.Эрдэнэчулуун, МБУНДХ-ны Тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга Н.Нарантөгс, planetGOLD Монгол төслийн Менежер Б.Алтанбагана, Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын Улсын байцаагч Д.Эрхэмбаяр нар оролцов.

Панелистууд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын талаарх мэдлэг ойлголт төр болон иргэнд ижил түвшинд байж, төр, иргэн аль аль нь эрх, үүргээ ухамсарлах нь цаашдын үйл ажиллагааг саадгүй явуулахад чухал бөгөөд уул уурхайн асуудлыг хөндөхөд бичил уурхайн асуудал зайлшгүй яригдах ёстойг онцлон хэлж байлаа.

Бичил уурхайн нөхөрлөлүүдийн төлөөллийн зүгээс олборлолтын газрын солбицлын зөрөөтэй асуудал ихээр үүсэж байгаа, сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл өгөхөд шийдвэрлэгдэх явц хэтэрхий удаан байгаа зэрэг асуудлууд нэн тулгамдаж байгааг дурдлаа.

МБУНДХ-ны зүгээс сумдын ЗДТГ болон бичил уурхайн нөхөрлөлүүдийг харилцан хамтын ойлголцолтой болоход яаралтай дэмжлэг үзүүлж ажиллахаа уламжлав. Хэлэлцүүлгийг МБУНДХ-ны Гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт удирдан явуулав.

Зөвлөгөөнд Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Ховд аймгийн холбогдох төрийн албан хаагчид, бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд бүхий нийт 50 орчим төлөөлөгч оролцов. Төлөөлөгчид энэхүү зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн төслийг хэлэлцэн баталж холбогдох талуудад хүргүүлэхээр болов.

Энэхүү бүсчилсэн зөвлөгөөний сүүлийн хэсэг 2023 оны аравдугаар сард Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана. Уг арга хэмжээнд төвийн бүсийн бичил уурхай бүхий орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд уригдан оролцох юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу