Улс төрийн сонгуульгүй “энх цаг”-т томоохон хоёр сонгууль болж өнгөрсөн нь МҮХАҮТ болон Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгосон явдал байв. Улс төрийн намууд ирэх сонгуульдаа бэлдэн гадаад, дотоодгүй явж бэлтгэлээ базааж байна.

Эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 аймгаар тойрч, ийм ийм бүтээн байгуулалт хийнэ, ингэнэ тэгнэ гэчихсэн, улс төрийн “өвлийн өвгөн” болчихсон аймаг бүрд амлалт өгч яваа. Үндсэн хуулиар олж авсан урьд хожид байгаагүй өндөр эрх мэдэл, асар их мөнгөний зарцуулалт хийж байгаа хүн өвлийн өвгөн байхаас яах вэ. 76 гишүүн тойргоос сонгох сонгуульд ах У.Хүрэлсүх нь намаа удирдаж ороод, 62 суудалтай гарч ирсэн.

Хажуу дэргэд нь алга ташиж сууж байгаад хазаж, хавирч унагасан М.Энхболд нь 2016 онд 65 суудал авч, МАН үнэмлэхүй ялалт байгуулж байсан түүх саяхных. Тиймээс 126 суудлаас ядаж 70 суудал авахгүй бол “арьсаа хуулуулна”. Тэрбээр орон нутгаар тойрч, ард түмэндээ амлалт өгөхийн зэрэгцээ ирэх сонгуульд хэрхэн бэлдэх талаар намын уулзалтаа мөн давхар хийж байна.

Нөгөө талд нь Ардчилсан нам эвлэрсэн харагдах ч гангар шаазан мэт маш эмзэг байна. Нам доторх “түгжил”-үүд нь нэгнээ барьж “идэж” байхыг хараад энэ намд ирээдүй байгаа билүү гэх харуусал төрнө. Ямартай ч фракц бүрийнхээ эрх ашгийг цуглуулж байгаад, намаа 15 дэд даргатай болгочихсон. Араас нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ сонгов. Одоо намынхаа дунд шатны байгууллагын дарга нарыг сонгох юм гэсэн.

Ардчилсан намтайгаа зэрэгцэн “Монгол ялна” уриатай “экс” Төрийн тэргүүн Х.Баттулга “босоо” Ганбаагаа дагуулан “Хөх Монголын хөх туг” аяныг санаачлан, 21 аймгаар тойрч, өөрийн дэмжлэгийг бүрдүүлэх их ажилдаа орчихсон “Талх чихэр”-ийнхээ таван төгрөгийг цацаж явна. Саарал массын дунд тоглолт хийж сурсан түүний хувьд орон нутгаар тойрч уулзалт хийж байгаа нь хамгийн сайхан амралт болж байгаа биз.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлснээр Төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрт хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг өрөөнийхөө үүдэнд суулгаж байгаад ял өгүүлдэг эрх мэдэлтэй байсан түүний хувьд хувийн компанийн хэдэн хүнээсээ өөр дэмжлэггүй болно гэдэг гутамшиг шахуу байгаа. Тиймээс 21 аймгаар тойрч, хөх туг мандуулчихсан, хөх цоохор дээлтэйгээ хөдөө бараадасхийж яваа.

Гэхдээ тэр ганцхан орон нутагт ажилласангүй. МҮХАҮТ-ын тэргүүний сэнтий, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид баруун гарын хүмүүсээ дэвшүүлээд, араас нь хутгаа хурцлаад сууж байгаа хүн. Ингэж л тэр өөрийн фракцын хүчийг нэмэх ажилдаа анхаарч эхэлсэн.

МҮХАҮТ-ын сонгуульд Х.Баттулга ялалт байгуулав

МҮХАҮТ-ын тэргүүний сонгууль нэр дэвших процессоосоо эхлээд олны анхааралд явсан. “Буян” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Шарк” Д.Энхтүвшин, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, “Скайтел” компанийн гүйцэтгэх захирал Д.Болор, “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан, “Монгол брэнд” төслийн санаачлагч Ш.Отгон-Өлзий, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “Эм ти эм сити инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Мөнхсайхан, эдийн засагч Б.Лакшми нар МҮХАҮТ-ын тэргүүний сонгуульд нэр дэвшсэн. Зарим нь замын дундаас нэрээ татаж, улс төр холилдсон ийм сонгуульд оролцох хүсэл алга гэж байв.

Тийм ээ, энэ удаагийн танхимын тэргүүний сонгуульд улс төрчид хуруу гараа дүрж эхэлсэн. Шууд хэлэхэд, Халтмаагийн Баттулга хүнээ дэвшүүлж, хүссэн ялалтаа авсан. Танхимын тэргүүнд нэр дэвшигчдийн тал нь танигдах ганцхан зорилготой байсан бол Х.Баттулга “Шарк” Д.Энхтүвшинг заавал ялах даалгавартай оруулав. Монголын бизнесийн салбарын гол тоглогчдын нэг болох “MCS” хэмээх их айлд хар багаасаа хүчин зүтгэж, мөнгөний амтыг мэдэрчихсэн Д.Энхтүвшингийн хувьд “Женко”-гийн дэмжлэг, мөнгөтэйгээр танхимын тэргүүн болчихсон.

“MCS” болон “Женко” нар дайснууд. Үнэн. “Шарк” Д.Энхтүвшингийн хувьд “MCS” группын Дэд ерөнхийлөгчийн ажлаа боссуудтайгаа “түнжин хагарч” өгсний дараа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин баруун гараас нь хөтөлж, Х.Баттулгатай ойртуулсан хүн. Х.Баттулга өөрт хэрэгтэй хүн хэзээ, хаана сул явж байна вэ гэдгийг үргэлж харж, отож явдаг тул дайснаа дэргэдээ авах нь хамгийн том барьцных нь нэг байсан.

О.Амартүвшингийн хувьд Х.Баттулгатай маш ойр ажиллаж, зарим зөвлөгөөнүүдийг нь өгдөг хүмүүсийнх нь нэг. БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэх санаачилгыг тэр гаргаж, Төрийн тэргүүн гүйцэтгэчихээд ирсэн гэхээр тэдний харилцаа ямар нь уншигдана. Тиймээс энэ удаагийн танхимын сонгуульд “Шарк” Д.Энхтүвшинг ялахад “MCS” хүнээ тавьчихлаа хэмээн ярьж байснаас Х.Баттулга гарт байсан хөзрөө шидэж байгааг хэн ч анзаараагүй. Түүнийг нэр дэвшихэд л “MCS” гэдэг үгийг түүнд нааж хэрэглэсэн нь Х.Баттулгын “пи ар”-ын нэг хэсэг байсан юм.

О.Амартүвшин өөрийн найз Т.Дүүрэнг танхимын тэргүүнд дэвшүүлсэн мэт өнгөн дээрээ харагдах ч эцсийн мөчид тэр нэрээ татаж, Д.Энхтүвшинг дэмжихийг уриалсныг зарим хүн сонсоогүй байж магадгүй. Яг л ийм сценариар энэ удаагийн танхимын тэргүүн сонгогдох ёстой байсан. Яг тэр зохиолын дагуу бүх зүйл болж өнгөрсөн.

Чухамдаа Х.Баттулгаас бүгдийг салгаж авна гэж наанаа хэлж ярьдаг ч цаана нь мань хүн өөрийн барьцаа энэ мэтчилэн ахиулж, аагалсаар байна. Түүнд асар их шунал бий. Үүндээ хүрэхийн тулд хүн бүрийн хүчийг авах ёстой гэдгийг тэр мэдэж байгаа тул нөлөө бүхий газар бүрд хүнээ байршуулах ажилдаа орчихсон яваагийн нэг жишээ энэ. “Х.Баттулгаас л сална” гэсэн хүмүүс байгаагаас биш Х.Баттулгаас салчихсан юм одоохондоо алга. Харин ч бизнесийн салбараа түүний гарт өгчихлөө.

Баттулгын Адъяасүрэн бараг ялав…

Нэг нутаг ус болоод ч тэр үү, нэлээд дэмжлэгтэй болоод ч тэр юм уу УИХ-ын гишүүн Адъяасүрэнгийн овог шахуу болчихсон хүн нь мөнөөх л Х.Баттулга. Ардчилсан эмэгтэйчүүдийн сонгуульд хэд хэдэн хүн өрсөлдсөн ч том тулаан А.Адъяасүрэн, “Фортуна” Н.Батбаярын охин Жаргалан нарын дунд өрнөнө гэсэн таамгийн дагуу болж өнгөрлөө.

“М ойл” Б.Пунсалмаа нэр дэвшихдээ нэр бүхий гурван хүнтэй ханцуй дотор наймаа тохирч, нэрийг нь татуулсан ч үнэндээ тэр гурав нь ямар ч фракцгүй зүгээр л ганц ганц саналын эрхтэй хүмүүс болж таарсан талаар ярьж байна. Үндсэндээ Б.Пунсалмаа гэнэдэж гурван хүнд багагүй хэмжээний тоолох зүйлийг зарцуулсан байгаа юм. Тиймээс ямар ч боломж гараагүй.

Орон нутгаас ирсэн төлөөлөгч нар дотор Х.Баттулгын “Хөх Монголын Хөх туг”-ийг дагаж намирч яваад ирсэн хүмүүс цөөнгүй. Тиймээс санал автоматаар А.Адъяасүрэнд очсон. Байрласан буудлынх нь өрөөний үүдийг нь сахиж байгаад хуралд оруулж санал өгүүлсэн гэх явган яриа гарсан. Ингэж л хайрцагийг бий болгож байгаа юм.

Эхнээсээ л Х.Баттулгын хүн гэгдэх “муу” нэрийг зүүсэн А.Адъяасүрэнгийн хувьд халааснаас гарах мөнгөө багагүй цацсан ч багахан саналаар ялагдсан. Бараг ялсан гэхэд болно. Х.Баттулга ингэж л сарвайсан бүхнээ авахаар улайрч байна. Улс төр, бизнесийн салбарт өөрийн хүчийг бий болгохгүй бол хэзээ ч магадгүй богцлогдох тул хамгаалалтаа тэр ийнхүү бүрдүүлж байна.

Н.Энхбаярыг Төрийн тэргүүнээс буусныхаа дараа улс төрд эргэн ирэхэд дургүйцэх хүн олон байсан. Тэгвэл Х.Баттулга намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэн ялж, намаа дотроос нь хагалж байгаагаас харахад түүнээс ялгагдах зүйл огт алга. Харин ч илүү шуналтайгаар харж байгаад хүмүүсээ түлхсээр байгаа юм. Тэд эхнээсээ ялалт байгуулж, “Монгол ялна” уриа дахин мандахад ойрхон байна шүү.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу