-0 C
Ulaanbaatar
2024.09.25

Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн реформ”, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж буй. 

Тэрбээр “Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ” гэж онцоллоо. 

Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариулав. Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө.

Ерөнхий сайд “Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстой” хэмээн хэллээ.

Уулзалтын үеэр иргэд:

  • 137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх,
  • малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах,
  • тариалан эрхлэгчдийг дэмжих,
  • төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх,
  • нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох,
  • Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах,
  • Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих,
  • “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлт гаргав.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна. Үүнд: 

-Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх босоо тэнхлэгийн авто зам барих
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв.

Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.     

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу