Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.09.28/ 14:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.


15:50 ЦАГ НЭМЭЛТ: 

Шүүх хурал түр завсарлаж, шүүгчид өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэв. Улмаар шүүх хурлыг аравдугаар сарын 30-ныг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Мөн энэ үеэр шүүгч “Н.Ганцэцэг өмгөөлөгчийн Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэлээ.

15:05 ЦАГ НЭМЭЛТ:

Шүүгчдэгч Б.Ганхуяг “Өнөөдрийн шүүх хуралдаанд нүүрсний тухай асуудал байхгүй гэдэг нь өмнөх хурлаас ойлгомжтой болсон. 40 их наяд гэж ч байхгүй болсон. Чингис хаан банктай холбоотой асуудлын тухайд одоо энэ банк үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм учраас шинжээчийг оруулах нь маш зөв. Одоо хадгалагдаж байгаа мөнгө учир заавал шинжээч оруулах ёстой гэж үзэж байна.

Мөн би бусад 10 хүний адил эрхээ эдлэх хүсэлтэй байгаа тул цагдан хориог маань өөрчилж өгнө үү” хэмээн шүүгчээс хүслээ.  

14:55 ЦАГ НЭМЭЛТ: 

Б.Ганхуягийн биеийн байдал муу байгаа тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг өмгөөлөгч нь хүслээ. 

Өмгөөлөгч н.Ганцэцэг “Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг есдүгээр сарын 27-нд нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. 

Б.Ганхуягийн биеийн байдал есдүгээр сарын 23-наас эхлэн муудаж, 25-наас эмнэлгийн тусламж авч эхэлсэн. Даралт нь унаж, 20/80-тай болсон. Улмаар бөөлжих, халуурах, толгой эргэж, хавагнасан нөхцөл байдал үүссэн. Өмгөөлөгч миний бие хүсэлт тавиад, эрүүл мэндийн тодорхойлолтыг авахад тодорхойлолтод нойр булчирхайн архаг үрэвсэл гэсэн юм. Үүнээс болоод даралт нь унасан байж магадгүй гэж эмч оношилсон.

Даралт унаж байгаа нь цус харвалтын эхний шинж байна гэж үзэж байна. Тиймээс миний үйлчлүүлэгч дээд шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эрүүл мэндээ хамгаалуулах шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгч 10 дахь сардаа цагдан хоригдож байна. Анх цагдан хоригдох үедээ цоо эрүүл байсан. Гэтэл удаан хугацаанд цагдан хоригдсоноос болж биеийн байдал нь доройтож байна.

Нэгэнт хэрэг шүүхэд шилжиж ирээд, нотлох баримтууд бүрдээд, гэм буруугийн асуудлыг шийдэх гэж байгаа учраас хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилсан гэж үзэж байна. Тиймээс миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсэж байна” гэлээ.


Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.09.28/ 14:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсэн хэлэлцүүлгийн шүүх хурал есдүгээр сарын 20-нд болж, дээрх хугацааг товлосон билээ. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу. 

Сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/,

22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу