Ардчилсан нам өнөөдрийн /2023.09.28/ ээлжит 4/11 мэдээллийн цагаараа Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр АЭХ-ны шинэ Ерөнхийлөгч Б.Жаргалан “Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бүх бүсгүйчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Олон оролцогч, олон нэр дэвшигчтэй бодлогын хувьд өрсөлдөөнтэй чуулган болж өнгөрлөө.

Миний хувьд энэ ажлыг хүлээж авснаар энэхүү сонгуульд надтай хамт нэр дэвшиж өрсөлдсөн бүсгүйчүүдийнхээ мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлж, нэг баг болж хамтарч ажиллана. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт оновчтой, АН-ын анхан, дунд шатны гишүүдийг идэвхжүүлэхэд чиглэсэн олон зүйл байсан. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасан квотыг зөвхөн босго оноо гэж харж байгаа. Тиймээс бүх шатанд квотоос давуулан нэр дэвшүүлэх, эмэгтэйчүүдээ бэлдэх, чадавхжуулж, таниулах зэрэг ажлуудыг зохион байгуулна. Мөн бүх шатны сонгуульд аль болох олон эмэгтэйчүүдийг ялалт байгуулуулах чиглэлд дэмжиж ажиллана.

Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл амаргүй байна. Тэр дундаас би ковид-19 халдвартай холбоотой нөхцөл байдлыг онцлохыг хүсэж байна. Аравдугаар сарын 23, 24-нд УИХ дахь АН-ын бүлгээс санаачилсны дагуу ковидын хуулийн хэрэгжилттэй холбоотой нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Цар тахлын үед хамгийн их хохирол амссан, золиос амссан хүмүүс нь эмэгтэйчүүд байсан. Тиймээс бид бүх эмэгтэйчүүдийнхээ асуудлыг сонсож, энэ нээлттэй сонсголоор ил гаргаж тавихыг хүсэж байгаа. Үүнд олон нийтийг анхаарлаа хандуулахыг хүсье” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-АЭХ улс төрийн ямар бодлогыг баримталж ажиллах вэ?

-Манай холбоо ирэх сонгууль хүртэлх есөн сарын хугацаанд улс төрийн маш идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. 

Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамтарч сөрөг хүчний байр сууриа маш идэвхтэй илэрхийлнэ. Бүх шатанд эрх баригчдад шахалт үзүүлнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу