Ардчилсан нам өнөөдрийн /2023.09.28/ ээлжит 4/11 мэдээллийн цагаараа Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр АН-ын гишүүн Ц.Уянга “Би АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд гаднаас орж ирж буй шинэ хүн гэдэг дүр төрхөөр өрсөлдсөн нэр дэвшигчдийн нэг.  Миний хүлээлт АЭХ-ны гишүүдээс гэхээс илүү нийгмээс байсан. Нэр дэвшсэн гол зорилго гэвэл өнгөрсөн хугацаанд АН дотор болсон дотоод зөрчлийн асуудлаас болж нийгмийн өмнө үүсээд байсан үл итгэлцэх байдлыг арилгахын тулд, нөгөө талаас нийгмийн дунд ардчилал үнэ цэнээ алдаж буй байдлыг арилгахын тулд оролцсон. Өөрөөр хэлбэл, ардчиллыг эрхэмлэж байгаа бол АН-д зоригтойгоор орж ирэхийг уриалж энэ үйлдлийг хийсэн юм” гэлээ. 

Үргэлжлүүлэн АЭХ-ны шинэ Ерөнхийлөгч Б.Жаргаланд хандан тэрбээр “Манай багт орооч гэж санал тавьж байгаад баярлалаа. Баг гэдгийг ямар утгаар хэлснийг ойлгохгүй байна. Хэрэв дэд Ерөнхийлөгчийн албан тушаал гэж байгаа бол уучлаарай. Би энэ багт орохгүй. Өрсөлдөөд, дараа нь албан тушаалаа хоорондоо хуваалцчихдаг гэсэн ийм хандлагыг нийгэмд өгмөөргүй байна. Энэ маш буруу. 

Би чиний хийж байгаа зүйлсийг дэмжээд, өөрөөс чадах бүхнээрээ хамтраад ажиллана. Гэхдээ би чиний хамгийн том шүүмжлэгч байна. Энэ найман жилийн хугацаанд ямар ч ажил хийгдээгүй, өөрөөсөө өөр нэг ч манлайлагч төрүүлээгүй байна. Тиймээс ирэх сонгуульд энэ ажлаа хийж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой. Энэ бол нэг жилийн асуудал шүү гэдгийг хатуу сануулъя” хэмээв. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу