БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ардын дээд хурлын 9 дүгээр чуулган дээр үг хэлэхдээ, Хойд Солонгос цөмийн зэвсгээ шинэчилж, цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “АНУ болон барууны ноёрхлын стратегийн эсрэг зогссон улс орнуудтай эв санааны нэгдлээ хадгалж, бэхжүүлэх хэрэгтэй” гэж онцолсон байна.

Үүний зэрэгцээ тэрбээр “Солонгосын Хөдөлмөрийн намын “Төв хорооны гадаад бодлогын стратеги”-ийг баримталж, гадаад бодлогын ирээдүйтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай” гэж хэлснийг KCNA тэмдэглэжээ. Гэвч харилцаа холбоо тогтоох шаардлагатай улс орнуудын талаар дурдаагүй байна.

БНАСАУ-ын удирдагч саяхан ОХУ-д айлчлах үеэрээ Москватай харилцаагаа бэхжүүлж хөгжүүлэхийг Пхеньяны “нэн тэргүүний зорилт” гэж нэрлэжээ.

Хойд Солонгосын удирдагч “АНУ Япон болон БНСУ-тай гурван талт цэргийн эвсэл байгуулах ажлыг эрчимжүүлсэн нь дайн, түрэмгийллийн эх үүсвэр болсон “НАТО-гийн Азийн хувилбар” эцэстээ тэдний жигшүүрт байдлыг илчилж байна” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр БНАСАУ-ын эсрэг цөмийн дайны аюул заналхийлж байгаа үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж хэлжээ.

Ким Жон Ун “Энэ бол заналхийлэл, хийсвэр биш, дээд зэргийн бодит аюул” юм гээд, “АНУ ‘дэглэмийг устгах’ зорилготой ‘түрэмгий дайны хувилбарыг уйгагүй шинэчилж’ буй бөгөөд энэ зорилгоор цөмийн зэвсэг ашиглах талаар ярилцаж байгааг тэмдэглэжээ.

Эх сурвалж: KCNA, ERR, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу