АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер, өнгөрсөн долоодугаар сард Хойд Солонгосын хилийг хууль бусаар нэвтэрсэн Америкийн армийн байлдагч Травис Кингийг Лхагва гарагт АНУ-ын талд шилжүүлэн өгснийг мэдэгджээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан мэдэгдэлдээ “Байлдагч Т.Кингийг эргүүлэн авчрахын төлөө уйгагүй ажилласан хамтарсан багийн хичээл зүтгэлийг үнэлж байна. Түүнчлэн БНАСАУ-д АНУ-ын эрх ашгийг төлөөлж, дипломат үүрэг гүйцэтгэсэн Шведийн засгийн газар болон Т.Кингийг дамжин өнгөрөхөд тусалсан БНХАУ-ын засгийн газарт талархаж байна” гэж дурджээ.

Т.Кингийг сулласан нь АНУ, Хойд Солонгосын харилцаанд гарсан ховор тохиолдлуудын нэг юм. Саяхан АНУ-ын эрх баригчид ОХУ-д дайнд хэрэглэх зэвсэг нийлүүлэхгүй байхыг Пёньянд анхааруулсан тул байлдагчийг эргүүлэн авах эсэх нь эргэлзээтэй байв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ-д айлчилсан, мөн Хойд Солонгос баллистик пуужингийн хэд хэдэн туршилт хийснийг АНУ буруушаасан билээ.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн төв агентлаг (KCNA) Лхагва гаргийн өглөө, долоодугаар сард Умард болон Өмнөд Солонгосыг тусгаарласан зэвсэггүй бүсэд (JSA) зохион байгуулсан аяллын үеэр БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн Т.Кингийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч, түүнийг “хөөж гаргах” шийдвэр гаргасан” гэж мэдээлжээ.

Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч М.Миллер “Хятадын Дандонг хотод хүрэлцэн ирсэн АНУ-ын Элчин сайд Николас Бернст Т.Кингийг хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр хэдхэн цагийн дараа АНУ-д ирнэ” гэж мэдэгдсэн байна.

Т.Кингийг Техас муж улсын Сан-Антонио хот дахь Брукийн нэрэмжит армийн эрүүл мэндийн төвд хүргэх аж.

Албаны хүний мэдээлснээр, АНУ руу буцаж буй Кингийн биеийн байдал, сэтгэл санаа сайн байгаа бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Хойд Солонгост өмнө нь Америкийн коллежийн оюутан Отто Уормбиер хоригдож байх хугацаандаа эрүүл мэнд нь эрс муудсан. 15 жилийн хүнд ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн тэрээр 2017 онд АНУ-д буцаж ирснээсээ хойш долоо хоног хүрэхгүй хугацаанд тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан билээ.

Эх сурвалж: CNN, WP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу