Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт ажиллалаа. Энэ үеэрээ тус аймагт баригдаж буй IV цэцэрлэгийн барилгын ажлын явцтай  танилцаж мөн иргэдийн санал хүсэлтийг сонсжээ.

Цэцэрлэгийн барилга 2022 оны тавдугаар сараас барилгын ажил эхэлсэн ч улсын төсөвт санхүүжилт нь он дамнаж тусгагдсанаас хугацаа нь сунжирч ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. Үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 оны төсөвт тусгасан байна.

Булган аймаг 61,7 мянган хүн амтай, 3,9 сая малтай, улсын төсвөөс санхүүждэг 15 аймгийн нэг учир 2030 он хүртэл өөрийгөө санхүүжүүлэх арга замыг эрэлхийлсэн урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлох, эдийн засгаа хэрхэн томруулах вэ гэдэгт аймгаараа нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал хэмээн төрөөс газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр олгож буй дэмжлэгийн талаар танилцууллаа.

Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа 2024 оны төсөвт зайлшгүй тусгуулах аймаг бүрийн саналыг авч байгаа бөгөөд Булган аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөрийн саналыг иргэд эрэмбэллээ. Тус аймагт 37 төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас ирэх онд долоо нь ашиглалтад орох юм.  

Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орон нутагт ажиллах боловсон хүчний асуудлыг хөндсөн. Залуу малчдыг дэмжих, орон нутагт орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэх, аймгийн тэргүүлэх салбар болсон хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгарч буй хүндрэл, малын түүхий эд, мах, сүүний үнийн зохицуулалт, орон нутагт намчирхалт, талцал их байгааг зохицуулах, Булган, Орхон аймгийг нэгтгэх, Эгийн голын УЦС-ын ажлыг яаралтай эхлүүлэх, аймаг, сумдын эрүүл мэнд, боловсрол, авто зам, дэд бүтцийн талаар 90 орчим иргэн санал хүсэлт хэлж, асуулт тавьж сайд нар хариуллаа.

Булган аймгийн иргэдийн эрэмбэлсэн саналд үндэслээд

  • Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замын төгсгөл 67.8 км зам,
  • Цогт хун тайжийн түүхэн цогцолбор,
  • Тэшиг сумын авто зам,
  • Боомтын сэргэлтийн хүрээнд Бага Илэнхийн боомт хүртэлх авто зам,
  • Баян-Агт сумын 320 хүүхдийн сургуулийн барилга,
  • Бугат сумыг авто замаар аймгийн төвтэй холбох санхүүжилт зэрэг ажлыг ирэх оны төсөвт тусгуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу