“Ханжоу-2023” Азийн наадам үргэлжилж байна. Наадмын боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Монгол Улсын тулаанч О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайтай шөвгийн наймын тулаанаа хийв.

Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд Монголын боксчин шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор яллаа. Шүүгчдийн дөрөв нь О.Есүгэнийг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн юм.

Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлснээр, Монгол Улсын тамирчин “Ханжоу 2023” Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар “Парис 2024” олимпод оролцох эрхээ баталгаажуулжээ.


Эмэгтэй буучид багийн дүнгээр наймдугаар байранд орлоо

Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд нийт 56 бүсгүйчүүд цэц мэргээ сорьсноос манай улсыг төлөөлөн Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг, Ц.Анударь нар өрсөлдлөө.

Энэ дасгалд БНХАУ-ын Нан Жао, Жиан Раншин нар Азийн наадмын урьдчилсан шатны рекордыг ижил амжилтаар буюу 581 оноогоор шинэчилсэн юм. Манай буудагчдаас Э.Хишигдэлгэр 570 оноогоор 24-т, Т.Баярцэцэг 569 оноогоор 28-д, Ц.Анударь 568 оноогоор 32-т жагсаж, багийн дүнгээр 8-д бичигдлээ.

Эрэгтэй урт бууны 50 метрийн 3 байрлалаас буудах дасгалд манай 3 тамирчин өрсөлдсөн. Энэ төрөлд Энэтхэгийн буучид цэц мэргэн нь байж, Свафил Кусале, энэ оны дэлхийн аварга Аишвари Томар нар тус бүр 591 оноогоор урьдчилсан буудлагыг хамтдаа тэргүүлээд зогсохгүй Азийн рекордыг шинэчиллээ.

Харин манай улсаас Н.Баяраа 581 оноогоор 13-т, Б.Эрхэмбаяр 576 оноогоор 20-д, Ц.Мөнх-Эрдэнэ 557 оноогоор 44-т орлоо. Багийн дүнгээр 1714 оноогоор эрчүүд 11-т бичигдсэн юм.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу