Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна. 

Эл төсөлд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.

Мөн “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн албан хаагчдад орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг үргэлжлүүлэн олгохоор тусгасан байна. Уг нэмэгдэлд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид ирэх оноос шинээр хамрагдах аж.

Засгийн газраас “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд төр, хувийн хэвшил, орон нутаг, гадаадын олон улсын байгууллагатай хамтран орон нутагт орон сууц барих ажлыг бодлогоор дэмжих талаараа мэдэгдэж байсан. Энэ хүрээнд орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, орон сууцны барилгад хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тус тус хөнгөлөхөөр төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг нийтдээ 18 аймагт ажиллаад буй. Анх удаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд 6500 гаруй иргэн оролцсон бөгөөд тэдгээр иргэдийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбоотой өгсөн саналыг төсвийн төсөлд эрэмбэлэн тусгаснаараа онцлог юм байна.

Иргэдийн саналаар эрэмбэлсэн нийт төслийн 59 хувь нь зам тээврийн салбарт, 17 хувь нь боловсролын салбарт, 11 хувь нь эрчим хүчний салбарт, 4.3 хувь нь барилга, хот байгуулалтын салбарт, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр байгаа аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу