Dobu.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. /2023.09.25-2023.09.29/

Сургуулийнхаа урд гарцаар гарч явсан хоёр хүүхдийн нэг нь амиа алдаж, нэг нь өвчиндөө шаналан хэвтэж байгаа гунигт явдал болоод удаагүй байна. Гэтэл хүүхдүүд амиа алдсан талаар олныг сэртхийлгэм харамсалтай үйл явдлууд энэ долоо хоногт дахин болж өнгөрлөө. Баянзүрх дүүрэгт 33 настай эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт угаартсан байдалтай амь насаа алдаж, Дорнод аймагт сураггүй алга болсон долоон настай хүүг дөрвөн хоног хайсны эцэст аймгийн төвийн баруун захаас цогцсыг нь олов. 

33 НАСТАЙ ЭМЭГТЭЙ 6-14 НАСНЫ ГУРВАН ХҮҮХДИЙН ХАМТ УГААРТАЖ, НАС БАРЛАА

Есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 8-р хороонд амьдардаг нэг айлын дөрвөн хүн угаартаж, харамсалтайгаар амиа алдлаа. Тэдний нэг нь 33 настай эмэгтэй байсан бол гурав нь тухайн эмэгтэйн хүүхэд буюу 6-14 насны жаахан үрс байсан аж. “Шахмал түлшний гороор галлагааны улирлын үед олон хүн амь насаа алддаг. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ” хэмээн олон нийт бухимдаж сууна. 

Энэ харамсалтай явдалд албаныхан “Иргэд яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаартаж, амь насаа алдсан. Мөн утаа мэдрэгчээ салгачихсан байсан” гэх мэтээр өөрсдөөсөө холдуулсан тайлбар хэлж байна. “Үхсэний хохь, амьдын зол” гэгчээр энэ мэтээр амиа алдсан иргэд рүү бурууг чихсээр байх уу. Шахмал түлшээс болж дахиад хэдэн хүн харамсалтайгаар хорвоог орхих вэ.

М.БАДАРЧ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН НЬ Б СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТЛАГДАЖ, ТҮҮНИЙ ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ДӨРВӨН ЖИЛЭЭР ХАСАХААР БОЛЛОО

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-ын лаборатори руу илгээсэн. А сорьцын шинжилгээгээр Улсын арслан М.Бадарчаас метонолон гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлсэн. Үүнээс хойш М.Бадарч шинжилгээний хариутайгаа санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж, Б сорьцын шинжилгээ өгсөн билээ. Тэрбээр Б сорьцын шинжилгээний хариугаа өөрийн биеэр харахаар хилийн дээс алхаж, БНСУ руу явсан ч амжилт олоогүй ажээ. Түүнийг допинг хэрэглэсэн нь Б сорьцын шинжилгээгээр батлагдсан талаар Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага буюу МОНАДА-гаас мэдээлэв. Улмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, М.Бадарчийн үндэсний баяр наадмын барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн юм. 

Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын аварга Оргихын Хангайг найм давсанд тооцож “үлэмж бадрах” чимэг, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон. 

Харин үүнд М.Бадарч цахим хуудсаараа дамжуулан дахин тайлбар хийсэн юм. Тайлбартаа тэрбээр “Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ. Харин энэ зүйлийг минь сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна. Шинжилгээ авах явц хууль журмын дагуу явсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байна. Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн өдийг хүртэл цаг хугацаанд намайг дэмжиж байсан багш, гэр бүл, нутаг нугынхан, бөх сонирхогч ард түмнээсээ, мөн намайг дэмжиж тусалж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлэхийн хажуугаар уучлалт хүсэж байгааг минь хүлээн авна уу” гэв.

ДОРНОДОД АМИА АЛДСАН ДОЛООН НАСТАЙ ХҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЙД ААВЫГ НЬ ШАЛГАЖ БАЙНА

Есдүгээр сарын 26-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Бөмбөгтэй хөшөө”-ний ойролцоох гэрээсээ гарсан долоон настай хүү сураггүй алга болсон талаар дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хүүг Онцгой байдлын 20 алба хаагч дөрвөн өдөр хайсны эцэст цогцсыг нь Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон байна.

Улмаар аймгийн цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, хэргийг шалгаж эхэлсэн. Шалгалтаар талийгаач хүү ээж болон хойд аавтайгаа амьдардаг байсан нь тогтоогдсон бөгөөд ээжийг нь хот руу явсан үеэр алга болжээ. Хүүг нас барсан хэрэгт холбогдуулан түүний хойд аав болох 34 “Б”-г шалгаж эхэлсэн аж.

Энэ мэтээр томчууд бидний хариуцлагагүй үйлдлээс болж энхрий хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй харамсалтайгаар амиа алдсаар байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу