Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-ын “Daewoo” компаниас 600 ширхэг шинэ автобус оруулж ирэхээр болсон билээ. Эдгээрээс одоогийн байдлаар эхний 100-г нь оруулж ирсэн. Гэтэл автобусуудыг хуучин загварынх байна гэх шүүмжлэлийг иргэд хэлж буй юм. Үүнтэй холбогдуулан сонгон шалгаруулалтад тэнцэж, автобусыг оруулж ирсэн “Тэнүүн огоо” ХХК-иас өнөөдөр /2023.10.01/ хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд “Тэнүүн огоо” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганхуяг болон “Daewoo” компанийн төлөөлөл оролцлоо. 

“Daewoo” компанийн төлөөлөл “Манай компанийн зүгээс Монгол Улсын иргэд, Ерөнхий сайд, Засгийн газраас уучлалт гуйж байна. 

Ковид-19 цар тахлаас болж дэлхийн автобусны үйлдвэрүүд бүгд уналтад орсон. Манай компани ч мөн хүнд байдалд орсон. Гэхдээ дэлхий даяар эдийн засаг хэвийн болж эхэлсний дараа бид олон улстай гэрээ хийж, Катар, Саудын Араб, Ирак, Судан зэрэг улсуудад автобус нийлүүлж эхэлсэн. Энэ хүрээнд “Тэнүүн огоо” ХХК-тай хамтарч, Монгол улсад 600 автобус нийлүүлэх гэрээ байгуулсан юм.

Манай компани Монгол улстай дотно харилцаатай байдаг учраас автобусуудаа 30 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа. 

Монголын талын захиалга маш шахуу хугацаатай, давчуу байсан. Бид автобусуудаа маш болино хугацаанд үйлдвэрлэсэн болохоор жижиг алдаануудыг гаргасан байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ том алдаа биш.

Сүүлийн өдрүүдэд бид цахим сүлжээгээр ташаа мэдээнүүд сонссон. Тухайлбал, “Daewoo” корпораци дампуураад алга болсон гэсэн байсан. Бид одоо амжилттай ажиллаж байгаа. 

Мөн автобусны хувийн арлын дугаарыг шалгаж үзэхэд 30 жилийн өмнөх дугаар гарч ирсэн байна лээ. Үүнийг бид өөрсдөө ч гайхсан. Худал мэдээлэл. Шинээр үйлдвэрлэсэн автобус мөн. Гэхдээ өөрсдийн хамгийн сонгодог, эдэлгээ удаантай 2012 оны дөрвөлжин загвараараа үйлдвэрлэсэн. Манай компани загвар бус чанарыг эрхэмлэдэг учраас одоог хүртэл бизнесээ амжилттай хийж яваа юм.

Мөн хар утаа хаясан гэдэг асуудал гарсан. Эхэндээ хар утаа гарч болно, удахгүй зүгээр болно. Шинэ автобуснаас хар утаа хаяна гэж байхгүй. Бас энэ Монгол дахь дизель түлшний чанараас шалтгаалж байж болно.

Бид алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Монголын талын шахалтаас болж жижиг алдаанууд гаргасан. Тиймээс автобусуудаа эргүүлж татаж, шинэчилнэ. Гэхдээ манай компанийн тухай маш олон худал мэдээлэл түгээсэн асуудалд бид Элчин сайдын яамаараа дамжуулан шүүхэд хандах болно” гэлээ. 

Х.ТҮШИГ

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу