Улс төр даргилах цаг эхэллээ. 2020-2024 оны парламентын намрын отгон чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа эргэж харах, хийгээгүй ажлаа дуусгах хариуцлагатай цаг үетэй нүүр тулж байна гэсэн үг. Үүнтэй зэрэгцсэн эрх баригч намын дотоод хагарал чинээндээ хүрч, савнаасаа халих зурагтай байгаа юм.

Учир нь “нүүрсний” гэх тодотголтой хулгайн хэрэг шүүхийн танхимын босго алхаж, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн. Гэм буруугийн хуралдаан нь эхэлчихсэн яваа.

Б.Ганхуяг өөрийгөө ямар ч буруугүй, түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хуулийн байгууллагынханд нөлөөлж, улс төрийн золиос болгон яллах гэж багаа талаар мэдээлчихсэн. Харин Т.Аюурсайхан шүүхийг аргадсан дүр зурагтай байна, одоохондоо. Тэд мэдүүлгээрээ хэн хэнийг хөлдөө чирэх вэ гэдэг олны анхаарлыг татаж байна. Үүнтэй зэрэгцэн нүүрсэнд хутгалдсан МАН-ынхан дотроо хөлөө жийлцэж, хэнийг золигт гаргахаа шийдэх юм.

Нүүрсний хулгайн мафийн гол хүмүүсийн нэг гэгдэх Х.Баттулга Монголын төмөр зам компанийн захирал Н.Удаанжаргалыг “Монголд битгий ир” гэх чиглэл өгсөн талаар яригддаг. Мөн “Голомт”-той холбоотой А.Амундра харь орныг зориод удаж байна. Мөн л ирж болохгүй гэх захиастайгаар.

БНХАУ-аас нүүрсний хэрэгт холбоотой гэх Д.Наранхүүг Монголд авчран, АТГ газар саатуулан шалгаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй хамсаатан гэх мэдээлэл цацагдсан ч үнэндээ орон нутгийн Тавантолгой компанитай холбоотой болж таарсан. Товчхондоо, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хамсаатныг эх оронд нь авч ирсэн талаар бор шувуу нисээд эхлэв. Уяаны үзүүр УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийг чиглэнэ. Гэх мэтчилэн цааш хөвөрсөөр байх аж.

Сүүлийн үед гарсан нүүрстэй холбоотой мэдээлэл Монголоос хальж, гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Монголын нүүрсний хулгай бичигдэж эхэлсэн явдал юм. ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг “Directnews”-д бичсэнээр Бор тээгийн уурхайгаас эхтэй коксжсон шахмал түлш түүнтэй салшгүй холбоотой гэсэн мэдээлэл байв.

Д.Амарбаясгаланг Герман улсад томилолттой байх үед тус улсын мэдээллийн сайтад ийн гарсан нь санамсаргүй тохиолдол яавч биш. Тиймээс түүний эсрэг нүүрстэй холбож хаалт тавих ашиг сонирхол байна гэсэн үг. Харин хэн бэ гэдэг нь маш чухал. Гэхдээ захиалагчдыг нь холоос хайх хэрэггүй. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр Д.Амарбаясгалан их л тэвдэж яваа сурагтай.

МАН дотор 2024 оны сонгуулийн дараа хэн Ерөнхий сайд болох вэ гэдэг марафон залуусын дунд эхэлсэн. Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ өөртөө хураасан дайснуудаа бүрмөсөн дарж авахын тулд дахин засаглах сонирхол бий аж. Харин хэд хэдэн сонгуульд дараалан намаа ялуулсан гавьяатай Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох нь зүйн хэрэг. Тиймээс үеэлийнхээ замыг засахаар хуулийн сайд Х.Нямбаатар урд хөршид долоо хоног ажиллаж, нүүрсчдийн талаарх баримтыг тэндээс авч ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүн дотор нь Д.Амарбаясгалантай холбоотой баримтууд ирсэн үү гэдэг нь анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай холбоотой нүүрсний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх асуудал прокуророос шүүхэд шилжсэн гэх мэдээлэл бий. Энэ ч мөн цар хүрээгээрээ АН, МАН дамнасан асуудал болчихсон.

Гэх мэтчилэн нүүрстэй холбоотой асуудлууд энэ намрын чуулган бүү хэл ирэх сонгууль дуустал сунжрахаар байна. Өвөл нүүрсний сонсгол эхлэхээр бүр ил цагаандаа гарч байгаад үзэлцэхээс өөр замгүй болсон хүмүүс. Их замын дээрэмчдийн тулааныг тэндээс харж болно.

Ирэх сонгуулийг угтан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 аймгаар тойрч, өвлийн өвгөний ажил хийж яваад ирсэн. Баахан ийм, тийм бүтээн байгуулалт хийж өгнө гээд амалчихсан болохоор ирэх оны төсөв гэж “элгийн” юм болох нь гарцаагүй. Эрх барьж байгаа намын даргын хувьд үүнээс өөр гарц үлдээгүй байх. Нүүрсний хулгайтай зэрэгцсэн төсвийн хулгай явах нь гарцаагүй. Үүнийг дагасан тендерийн хулгай ч явна гэдгийг мартаж болохгүй.

Ацаглаж хэрэлдсэн автобусны хэрүүл мөддөө намжихгүй. Үүнтэй зэрэгцэн өвлийг утаагүй давах пи ар эхэлнэ. МАН-ын эмзэг цэг одоогоор автобус, коксжсон нүүрс болчихоод байна.

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хулгайн асуудлууд сөхөгдөж, улс төрийн хүрээнд шинэ сэдэв болох магадлал өндөр байгаа юм. Үүнийг ухвал улстөрчид бүхэлдээ дээлээ нөмрөх шалтгаан болж мэднэ дээ.

Ер нь хулгай нүүрлэсэн улсын хулгайн асуудал сөхөгдсөн халуухан намрын чуулганаар хэдэн хүн дээлээ нөмрөх бол гэдэг анхаарал татсан сэдэв мөн билээ.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу