ОХУ-ын засгийн газар ирэх 2024 онд батлан хамгаалахын зардлаа 70 хувиар өсгөх төлөвлөгөөгөө ил болгожээ. Кремл ирэх гурван жилийн төсвийн төлөвлөгөөгөө өнгөрсөн Баасан гарагт Холбооны хурлын Төрийн Думд өргөн барьсан байна.

Тус төлөвлөгөөгөөр ОХУ-ын ирэх 2024 оны батлан хамгаалах зардлын хэмжээ 10,8 их наяд рубль буюу 111 тэрбум ам.доллароор нэмэгдэх ажээ. 2023 оны төсөвт тусгагдсан зардлаас энэ нь даруй 4.4 их наяд рублиэр нэмэгдсэн дүн юм байна.

ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьтай дүйцэж буй энэ дүн Украин дахь Оросын “цэргийн тусгай ажиллагаа” эхлэхийн өмнөх 2021 оны зардлаас даруй хоёр дахин өссөн дүн болжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа” өрнөдтэй давхар дайтаж буй гэсэн утгаар батлан хамгаалах зардлыг “ихээхэн нэмэгдүүлэхээс аргагүй” болж байна гэж мэдэгдсэн байна.

Путины засаг захиргаа Украин дахь түрэмгийллээ үргэлжлүүлэхийн тулд зэр зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэхээр төлөвлөж байж болзошгүй талаар Японы хэвлэлд дурдсан байна. Үүний зэрэгцээ Орос улс ирэх онд төсвийн орлого нь тавны нэг гаруй хувиар нэмэгдэж, төсвийн алдагдал нь 1 хувиас доогуур байна гэсэн хүлээлттэй байна.

Оросын төсвийн орлого нефтийн үнээс ихээхэн хамааралтай. Сүүлийн гурван сарын хугацаанд нефтийн үнэ дөрөвний нэг гаруй хувиар өсч, баррель нь 90 ам.доллароос давсан. Шинжээчдийн үзэж буйгаар, нефтийн үнэ ойрын хугацаанд өндөр байх магадлалтай аж.

Эх сурвалж: TASS, NHK, DW
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу