Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл тооцож эхэлсэн байна.

АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 болон 47.17 дахь заалтуудын дагуу тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцдог.

Борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн Монголын Хөрөнгийн биржээр арилжигдсан эсэхээс үл хамааран “SXCoal”, “UMetal”, “IndMin” зэрэг олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн үнийн мэдээллийг ашиглах зохицуулалттай байв.

Дээрх шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын Хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болжээ.

Бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлэх аж.

Монголын хөрөнгийн биржээр 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 141 удаагийн арилжаагаар 6.8 сая тонн зургаан төрлийн нүүрс, 94.6 мянган тонн хоёр төрлийн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжсан байна.

Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ 50 хүртэл хувиар өсөж, худалдаалагч омпаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу