Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээн дээр “Бид ялна” гэж хэлжээ.

Тэрбээр ахмад дайчид, дайнд амь үрэгдсэн дайчдад хүндэтгэл үзүүлэх үндэсний баяр болох Эх орноо хамгаалагчдын өдрийг тохиолдуулан хэлсэн үгэндээ тэмцэл үргэлжилж байгаа энэ үед эв нэгдэл, өөдрөг үзэл чухал болохыг онцолжээ.

Зеленский “Бид эв нэгдэлтэй байж, эзлэн түрэмгийлэгчдийг нутгаасаа хөөн гаргах ёстой, тэгэх ч болно. Эр зориг, тэсвэр тэвчээр, эв нэгдэл бол бидний алдах ёсгүй зүйл юм” гэж хэлсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас “Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Ням гаригт, эх орноо амь насаараа хамгаалсан Украины дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүллээ” гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Зеленский Киевийн Михайливская талбай дахь Украины эх орноо хамгаалан амь үрэгдсэн дайчдын дурсгалд цэцэг өргөсөн байна. Энэхүү ёслолд Ерөнхий сайд Денис Шмихал, Европын холбооны Гадаад харилцааны тэргүүн Жозеп Боррел, засгийн газар, цэргийн командлалын төлөөлөгчид зэрэг хэд хэдэн хүн оролцсон бөгөөд баатруудын дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогсжээ.

Эх сурвал: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу