Замын-Үүдийн гаалийн хяналтын бүсэд иргэдийн ачаа бараа 5-7 хонож байгаа талаар бидэнд гомдол ирсэн юм. Ковидын үе шиг ачаа, бараа олон хоног саатах эрсдэл бий болж, бизнесийнхэн цөхрөнгөө барж эхэлсэн байна. Цар тахлын үед 50 гаруй хоног хил хааж, өвлийн ид хүйтнээр өмсөх гэж захиалсан хувцас хаврын сүүл сартай уралдан ирж байсан цаг саяхан.

Энэ удаад Эрээний хил хааснаас болж биш, улсын төсвийг бүрдүүлэхийн тулд Замын-Үүдийн гаалийнхан барааны татварыг нэмж, ачаатай тээврийн хэрэгслийг 10 гаруй хонуулж байгаагаас болж гацаж эхэлсэн талаар иргэд хэлсэн юм. Худалдаа эрхлэгчид “Улсын төсөв бүрдүүлэхийн тулд татвар нэмсэн нь бидэнд хүндрэл учруулж байна” гэж байв. Жолооч нарын хувьд өдөртөө Гаалийн хяналтын бүсээс гардаг. Удлаа гэхэд маргааш нь дуудаад машинаа аваарай гэдэг байсан. Гэтэл машин ачаатайгаа гаалийн хяналтын бүсэд 10 хонож байна гэцгээж байлаа.

“Урдаас найман машин орж ирэхэд гурав нь гараад, тав нь 10 орчим хоног саатаж байна”

Монгол Улсад БНХАУ-тай хиллэдэг 12 боомт байдгийн хамгийн том нь Замын-Үүд. Эл боомт хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энд “Дардан ложистик”, “Э-транс”, “Ложистик”, “Чинзасагт” гэсэн гаалийн хяналтын дөрвөн бүс байх ажээ. “Дардан ложистик”, “Э-транс” гэх хоёр талбай нь хилийн бүсийн хажууханд байрладаг бол “Ложистик” болон “Чинзасагт” нь сумын төвөөс зайдуухан байх юм.

Эхлээд “Дардан” гаалийн хяналтын бүсээр орлоо. Эндхийн талбайд төрөл бүрийн бараа, тэр дундаа жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн ачаа буудаг аж. Ямартай ч том оврын ачааны машинуудаар дүүрчээ. Талбайн голд нэг машины ачааг дэлгэж, хяналт шалгалтын ажиллагаа явуулж буй бололтой байв.

Иргэдийн ачаа бараа ямар шалтгааны улмаас олон хоногоор саатаж, ачаатай машинаа авч чадахгүй байгаа талаар машиндаа сууж байсан жолоочоос тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын 14-нд орж ирсэн, 10 хонож байна. Зарим жолооч нар орж ирээд, удахгүй гараад явцгаачих юм. Өдөрт найман машин орж ирэхэд гурав нь зүгээр гараад, тав нь эндээ үлдэж байна.

Юунаас болоод удаад байгаагаа мэдэх юм алга. Өмнө нь нэг хоногтоо л гарчихдаг байсан. Одоо хэзээ гарах нь мэдэгдэхгүй хүлээгдсэн байдалтай байна” гэсэн юм. Ямар арга хэмжээ авбал энэ гацаа арилах бол хэмээн асуухад “За даа, бид яриад шийдэгдчихдэг бол яриад л баймаар байна. Би ярилаа гээд Гаалийн удирдлагууд нь сонсох юм уу. Энэ асуудал шийдэгдэх юм уу. Одоо ч төрийнхөнд итгэх итгэл алдарсан шүү дээ” хэмээн хэлж байсан юм.

Ачаа бараа олон хоногоор саатсаны улмаас зээлээр авсан машины өр төлбөрийг төлөхөөс эхлээд асуудал үүсч эхэлжээ. Тэдний хэлж буйгаар Нарантуул, Хархорин зах, 100 айлын барилгын материалынхан, орон нутгийн наймаачдын ачаа бараа орж ирдэг аж. Үүн дээр нь нэмээд төрийн татварын дарамт үүсгэчихээр иргэдэд очих барааны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй боллоо гэцгээнэ.

“Төр засаг ядарсан худалдаачдаа шахаж, татвар гэх нэрийдлээр хүссэн хэмжээгээрээ мөнгө нэхэн “дээрэмдэж” байна”

Гаалийн хяналтын бүсийн дотор байранд ачааны эзэд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг өгч байлаа. Тэдний төлөөлөл болгож худалдаа эрхлэгч “Р”-ээс нөхцөл байдлыг тодруулсан юм. /Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав/

Худалдаа эрхлэгч “Р” БНХАУ-аас бараа оруулж ирж, Нарантуул захад худалдаалаад, 13 жил болж буй ажээ. Тэрбээр “Би зээлээс зээлийн хооронд амьдардаг хүн. Банк, хамаатан садан гээд аль боломжтойгоос нь зээл авна. Зээлсэн мөнгөөрөө урдаас бага хэмжээний бараа авдаг. Түүнийгээ лангуу түрээслээд зардаг юм. Бараагаа хилээр нэвтрүүлэхэд 15.5 хувийн татвар авах хуультай. Гэтэл гаалийн байгууллагын удирдах албан тушаалтай хэсэг нөхөд дур зоргоороо татвар тогтоож байна.

Шулуухан хэлэхэд, их замын дээрэмчин шиг л аашилж эхэлсэн. “Энэ нөхрийн ачаанд тэдэн төгрөгийн татвар ногдуулаад явуул. Төлөхгүй гэвэл ачааг нь битгий өг” гэх мэтээр дарамталж байна. Үүнээс болж боомт дээр ачаалал үүсээд, хүмүүсийн ачаа нь тэр хашаанаас гарахгүй гацаж байгаа юм. Мөрөөрөө явж байгаа ядарсан худалдаачдаа шахаж, татвар гэх нэрийдлээр хүссэн хэмжээгээрээ мөнгө нэхэн “дээрэмдэж” байна.

Мөн барааг машинаас буулгаж, нэг бүрчлэн шалгадаг болсон. Тэгэхээр мэдээж удаж таарна. Ийм хоёр шалтгаанаас болж Хятадын хилээр ямар ч асуудалгүй гараад ирсэн бараа маань Монголын хил дээр олон хонолоо.

Үүнээс болоод ачилтын төлбөр нэмэгдэнэ, олон хоносон бараа чанараа алдана, эрэлттэй үе нь дуусна. Хамгийн гол нь татвар нэмбэл ашгаа гаргаж авахын тулд барааныхаа үнийг нэмж худалдаалж таарна.

Монгол Улс сэтэрхий зүү ч үйлдвэрлэж чадахгүй, импортоор авдаг. Импортын барааных нь үнэ тогтмол өсөж байгаа. Гэтэл үүн дээр нэмээд дотоод асуудлаас болж барааны үнэ “тэнгэрт хадахдаа” тулчихаад байна. Гаалийн байгууллага “Үндэсний аюулгүй байдлыг дэмжих, эдийн засгийн эргэлтийн чадавхтай болгох” зорилготой юм билээ. Тэгсэн хэрнээ зорилгынхоо эсрэг ажиллаж байна.

Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол улсын төсөв бүрдүүлэх гэж татвар нэмж байгаа гэсэн. Ийм мунхаг байдлаар төсөв бүрдүүлж болох уу. 

Засгийн газар, тэр дундаа Сангийн яамны албан тушаалтнуудын унагаасан чулуу доош өнхөрсөөр амьдрах гэж чадлаараа зүтгэж байгаа, ядарсан иргэдээ дарж алах гээд байна” гэлээ. Нэг биш нэлээд хэдэн бизнес эрхлэгчид Сангийн сайд Б.Жавхлангийн шийдвэрээр Гаалийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал боомтууд руу чиглэл өгснөөр ширхэг оймс, дотуур хувцаснаас эхлээд бүгдийг нь сэгсрэн шалгадаг болсон гэх. Энэ бүхэндээ гаалийн татвар нэмж тооцон амьдрах аргагүй болгон хамраараа газар хатгаж эхэлжээ.

Есдүгээр сарын 1-нээс өмнө дэвтэр, үзэг, харандаа, цүнх зэрэг хичээлийн хэрэгсэл захиалсан иргэдийн бараа гаалийн хяналтын бүсэд саяхныг хүртэл байж байгаад гарсан гэнэ. Энэ жилийн хичээлийн улирал эхэлчихсэн болохоор одоо барааг нь авах хүн олдохгүй ирэх хичээлийн жилийг хүлээхээс өөр аргагүй боллоо хэмээн халаглах нэгэн байсан юм. Харин барилгын материал оруулж ирдэг иргэд “Бидний ачаа бараа улирлын чанартай байдаг. Гэтэл хил гаалийн асуудлаас болоод баахан саатсан.

Аравдугаар сарын 20-ноос хойш бидний барааг авах хүн байхгүй болчихдог. Цаг хугацаатай өрсөж байдаг болохоор өдөр хоног бүр бидэнд, бараа эргэлтэд маш чухал болчихсон. Гэтэл ийм балай төсөв бүрдүүлэх дарамтын золиос нь бид болж байна. Уг нь жижиглэнгийн ачаа бараа оруулж ирж байгаа бид төсөвт тийм ч их нэмэр болохгүй. Дээгүүрээ яриад оруулдаг том ачаа барааныхаа татвар дээр анхаармаар юм. Энэ улсад болж бүтэж байгаа юм алга. Гаалийн дарга Г.Отгонжаргал гаалийнхныг цагдаагийн ажилтнууд шиг ажиллуулж байгаагаас болж дарамт нь бидэнд ирж байна” гэсэн юм.

“Төсвийн тодотгол хийсний улмаас бид 407 тэрбум төгрөгийг нэмж бүрдүүлэх шаардлагатай болсон. Гэхдээ иргэдээс авч буй татварын хэмжээг нэмээгүй”

Замын-Үүд дэх Гаалийн газар энэ жил 680 тэрбум төгрөгийн татварыг бүрдүүлж, улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл энэ оны зургаадугаар сард Засгийн газраас нэг их наяд 896 тэрбум төгрөгийн төсвийн тодотгол хийсний улмаас гаальд нэмэлт “даалгавар” ирсэн байна. Тодруулбал, гаалийн татвараас 407 тэрбум төгрөг бүрдүүлэх шаардлагатай болжээ. Үүний улмаас иргэдээс татвар нэмж авч байгаа хэмээн барааны эзэд хардаж байгаа аж. Тиймээс энэ талаар бид Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнгээс тодруулсан юм.

-Бид Гаалийн хяналтын бүсүүдэд ажиллалаа. Яах аргагүй иргэдийн ачаа бараа гацжээ. Үүнд танайхаас ямар тайлбар хэлэх вэ?

-Иргэдийн ачаа, барааг гацааж, хясан боогдуулсан асуудал байхгүй. Өнөөдөр мөрдөгдөж буй гаалийн татвар тарифын хуулиар Гаалийн байгууллага НӨАТ-ын 10 хувь, гаалийн татварын 5 хувь гээд нийт 15.5 хувийн татварыг улсын хилээр нэвтрүүлж буй бараанд оногдуулдаг. Онцгой татвартай болон бусад бараанд зохих журмынх нь дагуу татвар ногдуулаад ажиллаж байна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд Сангийн яамны өмнө Гаалийн ерөнхий газрын хүлээсэн үүрэг буюу хилээр нэвтэрч буй бараанд гаалийн татвар хураамжийн ноогдуулж, улсын төсөвт төвлөрүүлэх ажлаа шахуу хийж байгаа.

-Он гарснаас хойш хичнээн төгрөгийн татвар бүрдүүлсэн бэ?

-Энэ жилийн тухайд Замын-Үүд дэх Гаалийн газар 680 тэрбум төгрөгийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Гэвч сүүлд төсвийн тодотгол хийсний улмаас бидний төлөвлөгөөнд өөрчлөлт орж, 407 орчим тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлэх шаардлагатай болсон. Энэ төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бид дээр, дооргүй шахаж ажиллаж байна. Ямар ч байсан энэ жилдээ багтаад нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Гэхдээ мэдээж Замын-Үүдийн гаалиар үйлчлүүлж буй иргэд, ААН-ийн барааны эргэлт ямар байхаас шалтгаална.

-407 тэрбум төгрөгийг нэмж бүрдүүлэх том даалгавар авсан юм байна. Энэ даалгавраа сайн хийхийн тулд жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг дарамталж, ачаанд нь ногдуулах татвараа нэмж байна гэх хардлага байна?

-Жижиг худалдаа эрхлэгчдийн Зам-Үүдээр бараа нэвтрүүлэхэд төлж буй татвар нийт татварын 5 орчим хувийг л эзэлдэг. Харин бүх төрлийн төмөр, арматур, төмөр хийц зэрэг том оврын ачаанууд нийт татварын 75-80 хувийг эзэлдэг юм. Товчхондоо бол, жижиг оврын ачаанаас дорвитой хэмжээний татвар бүрдүүлдэггүй гэж хэлж болно. 

-Ачааг нэг бүрчлэн тоолж, шалгах шаардлагатай байдаг юм уу?

-Тэгэх боломжгүй, цаг ч байхгүй. 

-Биднийг “Дардан” гаалийн хяналтын бүсэд очиход хилээр орж ирээд арав хонож байгаа гэх жолооч байсан. Гаалийн байцаагч нар ямар ч мэдээлэл өгөөгүй болохоор хүлээж байна гэсэн юм. Энэ ямар учиртай юм бол?

-Энэ бол илт татварын зөрүүтэй, татвараас зайлсхийх зөрчил гаргасан үйлдэл үзүүлж байгаа иргэн, ААН-ийн бараа байх. Бид хуулийн дагуу ажиллаж байна.

Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн “Манай гаалийнханд буруу байхгүй ээ” хэмээн арьсаа хамгаалсан, төрийн албан хаагчдын хэлдэг улиг болсон тайлбарыг хийчихээд сууж байна. Иргэдийн болон наймаа эрхлэгчдийн зүгээс гомдол их байгаа тул Сангийн сайд Б.Жавхлан татвар бүрдүүлэх төрийн төмөр нүүрээ жирийн иргэддээ үүрүүлэхээ болимоор байна. Тэртээ тэргүй тартагтаа тулсан улсын иргэд та нарын дарамтыг дааж дийлэхгүй л байгаа шүү.

 

 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу