Багш нар цалингаа 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, өнөөдөр /2023.10.02/ БШУЯ-ны гадна жагсаж буй. Үүнтэй зэрэгцэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр “Хуулийн дагуу Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний эвлэл гэсэн гурван байгууллага хэлэлцээрт ордог. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллагатай бид хэлэлцээр хийдэггүй. Хуулийн зохицуулалт нь ийм. Аль нэг төрийн бус байгууллага гарч ирээд хууль бус шаардлага тавьж болохгүй. Уг нь зорилго нь зөв. Даанч арга нь буруу байна.  

Өөрсдөө хууль бус шийдвэр гаргачихаад, хууль бус ажиллагаа хийх талаараа зарлаж байна. Тэгэхээр бид эргээд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр арга байхгүй. 

Болдог бол багш нар гэлтгүй төрийн бүх алба хаагчийнхаа цалинг 1000 ам.доллар болгомоор байна. Ийм хүсэл хүн бүхэнд л бий. 

Монгол Улсын төсөв 19 их наяд байдаг. Нийт цалингийн зардал 5.1 их наяд төгрөг. Үүнээс боловсролын салбарын 98 мянга орчим ажилтанд 1,7 их наядын зардал гардаг. Энэ жилийн наадмын өмнө дахиад цалин нэмэгдсэн.

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын өргөн барьсан 2024 оны төсвөөр нийт төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 10 хувь нэмэхээр тусгалаа. Мөн бид гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам ухрахгүй. Хамгийн сайн багш хамгийн өндөр цалин авдаг энэ тогтолцоо маш зөв” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу