Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг 25 жилийн өмнөх эл өдөр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. 

Тэрээр 1989-1990 онд МоАХ-ны Ерөнхий зохицуулагч, 1990-1992 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүн 1996-1998 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан нэртэй улс төрч байсан юм.

С.Зориг агсныг дурсан Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2023.10.02/ түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. 

Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт “Одоогоос 25 жилийн өмнө Ардчиллын алтан хараацай, Ардчилсан холбооны анхны зохицуулагч Санжаасүрэнгийн Зоригийг албан ажлаа гүйцэтгэж байхад нь амь насыг нь бүрэлгэсэн. Үүнээс хойш өдийг хүртэлх хугацаанд хууль хүчний байгууллагууд энэ хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй. Энэ нь бидэнд тодорхой хэмжээний сануулга өгч байгаа юм. 

Иргэд маань төр засагтаа итгэлтэй байдаг тогтолцоо бий болгохын тулд энэ хэргийн эзэн, холбогдогчийг зүй ёсоор нь олж тогтоох ёстой. Ардчилсан нам энэ шаардлагыг тавьсаар ирсэн. Цаашид ч тавих болно.

Ардчилал гэдэг бол үргэлж хайрлаж, хамгаалж байх ёстой маш эмзэг зүйл. 

Манай намын зүгээс жил бүрийн энэ өдөр хүний эрхийн форумыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн хүний эрхийн төлөө тэмцэж, үйл ажиллагаа явуулж буй байгууллага, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй иргэдээ хамгаалах ажлыг хийхээр Хүний эрхийн хороог намынхаа дэргэд байгуулсан. 

Бид Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бүхнийг хийх болно. 

Талийгаачийн “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлдэгтэй адил бид Монгол Улсын хөгжилд чин сэтгэлээсээ итгэдэг” гэлээ. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “С.Зориг агсан монгол хүний саруул ухаанд итгэж, ардчилсан хувьсгал хийсэн юм. Гэтэл өнөөдөр түүний тэмцэж явсан хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эсрэг өнөөдрийн эрх баригчид энэ нийгмийг дэндүү бохир болгож байна. Үг хэлсэн хүмүүсийг шоронд хийж, хувийн бизнесийг булааж байна.

Сонгуулиар асар том амлалт өгдөг ч бүх зүйлийг түүнийхээ эсрэг хийж байна. Өнөөдөр МАН худалч нам болсон. Тэд С.Зориг агсныг дотроосоо хөнөөсөн гэдэг улс төрийг үе үеийн сонгуулиар хийдэг. 

С.Зориг агсан Монголын ардчилалд итгэж байсан. Монголын ардчилал улам бүр батжиж, дэлхийд хамгийн сайн ардчиллын жишээ болно гэдэгт би эргэлзэхгүй байна” хэмээв.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. АН- ынхан Зоригийг алсан хүнийг нэг их холоос хайж худлаа жүжиглээд байх хэрэггүй гэдгийг Монголчууд мэднэ ш дээ. Хүзүүгүй хүнийг л барьж хорьж сайн шалгахад л тов тодорхой шүү дээ.

  2. Хүзүүгүй цагаан толгойт 2л эрх мэдэлд хүрэхийн тулд алсан гээ биз дэ ерөнхий сайд болох байсан хүнийг алаад оронд сайдын суудалд хэн суулаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу