Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдөр “багш нарын цалинг 1000 ам.доллар болгох” шаардлагыг хүргүүлсэн. Өнөөдөр (2023.10.02) уг шаардлагын хариуг авахаар Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна цуглаан зохион байгууллаа. 

Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар болон багш нарын төлөөлөл дараах тайлбарыг өгсөн юм. 

Багш нарын төлөөлөл:

-Өнөөдрийн авч байгаа 300 ам.долларын цалин бол гайгүйхэн ТҮЦ-ийн л өдрийн орлого шүү дээ. Ийм цалин өгчихөөд, “Монголын боловсролыг дэлхийн тавцанд хүргэ” гэдэг. Энэ боломжгүй зүйл. Боловсролын яам нь цалин нэмэх мөнгө байхгүй гэнэ. Хулгай, луйврыг нь харахаар хэчнээн жил Монголыг тэжээх хэмжээний мөнгө яриад байдаг. Багш нарын цалин гэхээр мөнгөгүй болчихдог. Энэ бол доромжлол. 

-Туйлдаа хүрчихсэн болоод энд зогсож байна. Цалин хөлс нь хангалттай байгаад үр хүүхдээ өмсөж зүүх, хоол ундаар дутаахгүй сайхан амьдрах боломжтой байсан бол ажлаа хийгээд л байж байгаа. Сургуулиудаар үнэхээр явж үзэх, судлах хэрэгтэй. Байдал яг ямар байгааг харах хэрэгтэй. Энд зөвхөн төлөөллүүд ирлээ. Бусдаар бол шууд талбай дээр гараад жагсаал хийхэд бэлэн байна.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар: 

Есдүгээр сарын 11-нд бид хамтын хэлэлцээрийг эхлүүлэх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ бол Хөдөлмөрийн хуулиар нээлттэй асуудал. Гэсэн ч сайдад хүргүүлсэн мэдэгдэл төрийн нарийн бичгийн даргад нь ирээгүй байдаг юм байна. Мөн сайд нь чуулганы нээлтэд оролцож яваа, эзгүй байна. Өнөөдөртөө багтаан сайдтай холбогдож, ажлын цаг дуусахаас өмнө хариу мэдээллийг өгнө гэсэн. 

Аравдугаар сарын 5-ныг хүртэл багш нар энд байнга ирнэ, шаардлагадаа хүрнэ гэж найдаж байна. Гол нь өнөөдрийн хэлэх хариуг нь сонсож байж дараагийн үйл ажиллагаандаа шилжих төлөвлөгөөтэй байна” гэлээ.

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд дараах тодруулгыг өгөв. 

Л.Энх-Амгалан “Хуулийн дагуу Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Үйлдвэрчний эвлэл гэсэн гурван байгууллага хэлэлцээрт ордог. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллагатай бид хэлэлцээр хийдэггүй. Хуулийн зохицуулалт нь ийм. Аль нэг төрийн бус байгууллага гарч ирээд хууль бус шаардлага тавьж болохгүй. Уг нь зорилго нь зөв. Даанч арга нь буруу байна.  

Өөрсдөө хууль бус шийдвэр гаргачихаад, хууль бус ажиллагаа хийх талаараа зарлаж байна. Тэгэхээр бид эргээд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр арга байхгүй. 

Болдог бол багш нар гэлтгүй төрийн бүх алба хаагчийнхаа цалинг 1000 ам.доллар болгомоор байна. Ийм хүсэл хүн бүхэнд л бий. 

Монгол Улсын төсөв 19 их наяд байдаг. Нийт цалингийн зардал 5.1 их наяд төгрөг. Үүнээс боловсролын салбарын 98 мянга орчим ажилтанд 1.7 их наядын зардал гардаг. Энэ жилийн наадмын өмнө дахиад цалин нэмэгдсэн.

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын өргөн барьсан 2024 оны төсвөөр нийт төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 10 хувь нэмэхээр тусгалаа. Мөн бид гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам ухрахгүй. Хамгийн сайн багш хамгийн өндөр цалин авдаг энэ тогтолцоо маш зөв” гэжээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу