Уул уурхайн салбарын уламжлалт “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн 12 дахь удаагаа энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд “Буянт Ухаа” цоголборт болно.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэхүү үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуул, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, зөвлөх үнэлгээний компаниуд, хөрөнгө оруулагч болон эдгээр салбарт оролцоо бүхий 200 орчим бизнесийн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж, сурталчлах юм байна. Тодруулбал,

БНХАУ, ОХУ, Канад, Их Британи, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, Америк, Финланд, Казакстан, БНСУ зэрэг 20-иод орны 100-гаад байгууллага, Энэтхэг улсын Уул уурхайн яам оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь “Mongolia Mining” жилээс жилд өргөжиж буйг харуулж буй юм. Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт Үйлдвэр”, “Оюу Толгой” компани ажиллаж байгаа аж.

Үзэсгэлэнгийн үеэр салбарын семинар болж, уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөөг хөндөгдөх бол хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн талаар салбарын мэргэжилтэнгүүд санал солилцож, олон улсын туршлагаасаа хуваалцах нь ээ.

Дээрх сэдвүүдийн хүрээнд үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч “Эрдэнэт үйлдвэр”, Оюу Толгой”, “Эрдэнэс Тавантолгой” болон Энэтхэг улсын уул уурхайн яам, Австрали улсын уул уурхайн компаниудын мэргэжилтэн, төлөөлөгчид илтгэл тавина.

“Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа”, алтан ивээн тэтгэгчээр “Грэй Стоун”, мөнгөн ивээн тэтгэгчээр“Майнс Ап” ХХК ажиллаж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу