УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдэгдэл хийж байна. 

Тэрбээр “Миний бие сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар журмын нөхдөдөө тайлбарлаж, мэдээлэл хүргэсэн. 

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга нь, улс төрчийн хувьд энэ асуудалтай холбоотой эргэлзээтэй байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тийм учраас ёс зүйн хариуцлага үүрэх ёстой гэж бодсон юм.

Надад ямар нэгэн эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн гэм буруутай үйлдэл байхгүй. Миний бие 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхий захиран зарцуулагчийн хувиар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл үүсгэсэн учраас ийм шийдвэрт хүрлээ. 

Би сайдын ажлаа аваад хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаарх бодлогоо Засгийн газарт танилцуулж байсан.

Нэгдүгээрт, нийтийн тээврийг шинэчлэх нь нэн тэргүүний ажил юм байна гэдгийг танилцуулж, тайлбарлаж чадсан. Энэ асуудлыг олон нийтийн анхааралд оруулах ажлыг хийгээд явж байна. 

Хоёрдугаарт, Холбоос замын асуудал.

Гуравдугаарт, Замын хөдөлгөөний зорчилттой холбоотой том асуудал байсан. 

Дөрөвдүгээрт, Хууль зүйн орчин, соёлтой холбоотой.

Тавдугаарт, Төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн сэргэлтийн асуудал. 

Энэ таван чиглэлийг тодорхой болгосон. Энэ хүрээнд ажлууд хийгээд явж байна. 

Нийтийн тээврийн тухайд, намайг ажлаа авахад миний бодсоноос илүү хүнд нөхцөл үүсчихсэн байсан. 2022 онд 300 орчим автобус ашиглалтаас гарсан. 2023 онд 750 орчим гарна. Тиймээс автобусны парк шинэчлэлийн ажлыг түргэвчлэх шаардлага үүссэн. 

Энэ ажлыг Хотын захиргаагаар ахлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн боловч Засгийн газраас намайг энэ ажлыг хариуцаад хий гэсэн. Би яамгүй сайд учраас энэ эрхээ нийслэл рүү шилжүүлсэн юм. 

Шинэ автобус авахад үнэ болон чанарт нь түлхүү анхаарахыг хүссэн. Анх төсөв батлахад үнэтэй, чанартай 500 ширхэг автобус авахаар төлөвлөж байсан ч сүүлд дахин 300 автобус нэмэх шаардлагатай болсон. 

Нөгөө талаас цөөн тооны автобусыг өндөр үнээр аваад, дундаас нь цавчаа хийсэн гэх асуудал гардаг. Ийм байдал гаргуулахгүйн тулд автобусны тоог 810 болгож нэмсэн юм. Үүн дотор гэр хорооллын алслагдсан хэсэгт зориулагдсан 50 ширхэг дунд оврын, 160 ширхэг цахилгаан, 600 дизель автобус авахаар болсон. Ингээд тендер зарлаж, “Тэнүүн Огоо” компани гүйцэтгэгчээр шалгарсан. Тэдний харилцаж ажиллах, нийлүүлэгч компани нь БНСУ-ын “Zely Daewoo” болсон. 

Гүйцэтгэгч болон нийлүүлэгч компаниудад “Та нарын хувийн амьдрал, дансны гүйлгээ, миний бүх зүйл шалгагдана. Хууль журмын дагуу ажиллаж, чанарт анхаарах ёстой шүү” гэж хэлж байсан. Энэ компанийг зарим нь дампуурсан гээд байна. 2002 онд толгой компани нь худалдаад авчихсан юм билээ. 

Ингээд бид “Zely Daewoo” компани руу баг явуулсан. Солонгос дахь үйлдвэр болон Вьетнамын угсрах үйлдвэр рүү нь явуулахад 100 хувь Солонгосын сэлбэг, хэрэгсэлтэй гэдгийг нь бичиж баталгаажуулж ирсэн. Тэгэхээр нь сайдын хувьд би итгэсэн. Автобусны том үзүүлэлтүүдийг нь үргэлж асууж, шалгаж байсан. Будаг, замаска зэрэг жижиг асуудлуудыг нарийвчилж шалгах ёстой байж. Үүн дээр би дутуу ажиллажээ гэж сүүлийн хоёр өдөр бодож байна. Гэхдээ туршлагагүйтсэн гээд байх юм алга. Үүрэгт ажлынхаа хүрээнд хичээж ажиллалаа.

Ажлаа өгье гэж олон удаа бодож байсан. Нэг жил болоход заримдаа эрүү шүүлт дор ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Гэвч би өөрөө шантрахгүй байхыг хүмүүст заадаг байсан хүн. Миний нэр хүнд талаар болсон ч энэ ажлыг дуусгах ёстой гэсэн бодолтой байлаа. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх. Мэргэжлийн хүмүүс шалгаж тогтоох ёстой. Хулгай мөртэй. Ямар нэгэн зүйл үлдэнэ” гэлээ.  

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та эрхээ нийслэлд шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ яагаад ажлаас чөлөөлөгдөж байгаа юм. Хотын дарга хариуцлага хүлээх ёстой юм биш үү?

-Нийтийн тээврийн төсвийг ерөнхийлөн зарцуулагч нь би учраас эрхээ шилжүүлснээр хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу