“Хүн амын хоол тэжээлийн  байдал-2023”  үндэсний VI судалгааны багууд Монгол Улсын 21 аймгийн 112 сумын өрх, 0-5 насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 15-49 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг судлахаар өчигдөр (2023.10.01)  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөллөө.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан:

“Судалгаагаар хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөмтгий хүн амын бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судалж, үндэсний болон бүс нутгийн түвшинд төлөөлөх чадвартай, статистик ач холбогдол бүхий тоон үзүүлэлтийг гаргахын зэрэгцээ тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, ариун цэвэр, усан хангамж, хүнсний баталгаат байдлыг үнэлж, өрхийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үндэсний хэмжээнд судлан тогтооно” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн зорилтот бүлгийн хүн амыг А, Д аминдэм, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах зардлыг улсын төсөвт суулгах ажлыг амжилттай зохион байгуулсан, таван газарт “Хүн амд эрүүл хооллолтын зөвлөгөө өгөх жишиг өрөө”-г байгуулсан бөгөөд ЕБС-ийн 4-12 дугаар ангийн сургалтын цөм хөтөлбөрт “Хоол-хөдөлгөөн” хичээлийг нэмж оруулсан зэрэг нь үндэсний судалгааны үр дүн гэдгийг судлаачид энэ үеэр ярьж байлаа.
 
Бага насны хүүхдийн хооллолт, насанд хүрэгчдийн хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл (dietary diversity), бичил тэжээлийн байдлыг ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн ХХААБ-ын 2021 онд шинэчлэн боловсруулсан удирдамж, зааврыг ашиглан үнэлж, тэдний хоол тэжээлийн байдалтай холбон судлахаар төлөвлөсөн уг судалгаанд 112 сумаас гадна Улаанбаатар хотын найман дүүргийн 40 хорооны 0-5 насны 2800 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны 4864 хүүхэд, 2800 жирэмсэн эмэгтэй, 15-49 насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 2800 нийт 16064 хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу