УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралджээ. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Иргэдийн зүгээс манай намд хариуцлагын шаардлага тавьж байгаа. Үүнд Ерөнхий сайд хатуу байр суурьтай байсан. Ингээд бүлгийн үдээс хойших хуралдаанаар Д.Сумъяабазар даргатай уулзаж, ярилцсан. Энэ үеэр Д.Сумъяабазар дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргалаа. Тийм учраас нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой асуудал дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Ж.Сүхбаатар сайд болон Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаас огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор гаргаж байгаа юм” гэлээ. 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Д.Сумъяабазар дарга 15:00 цагийн үед хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэрэв буруутай нь тогтоогдвол би хариуцлага хүлээж, ажлаа өгөхөд бэлэн” гэж хэлж байсан. Гэтэл яагаад гуравхан цагийн дотор байр сууриа өөрчлөөд ажлаа өгөхөөр болов. Өргөдөлдөө ямар шалтгаан дурдсан бэ?

-Өргөдлөө Ерөнхий сайдад өгнө гэдгээ бүлгийн хурлын үеэр албан ёсоор илэрхийлсэн.  Үүнийг нь Ерөнхий сайд эцэслэн шийдэх хуультай. 

-Хотын дарга ажлаа өгөөд асуудал дуусахгүй, хүн нь явсан ч асуудал үлдэнэ. Ажлаа өгсөн нэрийдлээр энэ хүн хариуцлагаас мултарч үлдэх гэж байна гэдэг хардлага нийгэмд үүсэж байна?

-Мэдээж ажил дуусаагүй. Ногоон автобусыг авахгүй гэсэн. Тухайн компанитай хийсэн гэрээгээ цуцлах талаар ярилцаж, парк шинэчлэлийн талаар дараагийн асуудлаа ярина. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу