Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. /2023.10.02/

Тэрбээр “Би Улаанбаатар хот эрүүл эдийн засаг, эрх зүй, засаглалтай байх ёстой гэсэн бодлогыг зорилгоо болгож, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, өөрийн төрж өссөн хотынхоо хөгжлийн төлөө хүчээ зориулахаар шийдсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотод үүссэн нөхцөл байдлыг хөгжлийн зөв шатанд гаргаж ажиллахаа ажлаа авах үедээ хэлж байсан.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газрын дэмжлэг, Улаанбаатар хотын институт хоорондын уялдаа холбоог ойртуулахад анхаарахаа хэлж байсан. Тийм ч учраас Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд УИХ, Засгийн газрын дэмжлэгтэй ажиллах боломжийг бүрдүүлсэн. Өмнө нь ийм боломж төдийлөн гарч байгаагүй. Тиймээс Хөгжлийн түр хороог байгуулалцаж, Улаанбаатар хотын төсөв санхүүг нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийсэн.

Ер нь эрх зүйн реформ хийхгүйгээр Улаанбаатарыг босгож ирнэ гэдэг үнэхээр амаргүй ажил гэдгийг хэлмээр байна.

Эдийн засгийн шинэчлэлийн тухайд, хот анх удаа бонд гаргахаар зорьсон. Хотын хууль хэзээ ч УИХ-ын босгыг давж байгаагүй. 

2020 онд ковид-19 цар тахалтай нүүр тулж, хүндрэл, бэрхшээлтэй олон зүйлийг иргэдийнхээ хамтаар давж гарч байсан.

Энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах ёстой. Зам засварын ажлаа дулааны улиралд амжиж хийх хэрэгтэй. Сэлбэ гол дагуух бүтээн байгуулалтыг ч яаралтай байгуулах шаардлагатай. Хотын төсөвтэй холбоотой асуудал удахгүй УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ мэт хотын ажлууд тасралтгүй явах ёстой.

Энэ хүрээнд Ерөнхий сайдтай ярилцаж, хотын дараагийн даргыг томилох хэрэгтэй гэдгээ илэрхийлэн шийдвэр гаргасан. 

Зөвхөн Д.Сумъяабазартаа биш. Нэг хүний асуудалтай зууралдаж суух цаг биш. Өвөл хаяанд ирж байна. Утаа, түлшээс эхлээд олон асуудал тулгарна. Иймд аль болох хугацаа алдахгүйн тулд энэ шийдвэрийг гаргаснаа хэлмээр байна.

Жишээ нь түгжрэлийн асуудал зөвхөн зам, барилга биш. Цогц асуудал. Энэ бол Улаанбаатар хотын зөв төлөвлөлтөд суурилсан дунд болон урт хугацааны бодлого. Иймд урт хугацаанд шийдэгдэх л ёстой.

Дараагийн хотын дарга чөдөр тушаанд битгий автаасай. Санхүүгийн чадамж бололцоо нь битгий хумигдаасай. УИХ, Засгийн газрын түвшинд бидний ойлголцсон хэлэлцээрийг үргэлжлүүлж яваасай. Нийслэлийн хөрөнгө оруулалтыг 420 тэрбумаас бууруулахгүй байх энэ тогтоолыг хэвээр үлдээх нь мөн чухал.

Манай хотын амьдрал зогсож болохгүй.

Автобусны тендерийн тухайд хот өөрийн эрх зүйн хүрээнд л зохион байгуулсан. “Тэнүүн Огоо” нь байна уу, “Эрдэм транс” нь байна уу мэдэхгүй. Хувийн хэвшилтэй холбоотой асуудлыг дэмжиж, корпорацын зохион байгуулалтаар ажиллах нь зөв юм байна гэдгийг Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачилж, уулзуулж байсан түүхтэй юм шүү.

Ногоон автобуснаас болж иргэдээ бухимдуулсан бол чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Процесс дээр нь алдаа гарсан юм байна. Бид Д.Сүхбаатарын талбай дээр бүх автобусыг ил гаргаад, иргэдийн санаанд нийцэж байгаа бол хүлээж авна, нийцэхгүй бол буцаана гэдэг байр суурьтай байсан шүү. Нийтийн тээврийнхэн захиалагчаа дутуу хянасан асуудал байсан юм билээ. 

Хот гэдэг бол нийт улаанбаатарчуудын эрх ашиг тул хүн бүхний шүүмжлэлийг би эрүүл ухаанаар хүлээж авч явдаг байсан.

Мөн намайг дэмжиж ирсэн төрийн нийт албан хаагчдадаа, хотын иргэддээ үнэхээр их талархаж байгааг минь хүлээж аваарай. Хотын ажил тасралтгүй, зогсолтгүй үргэлжлэх ёстой. Иргэдээ ая тухтай, сайн сайхан байлгахын төлөө дараагийн Засаг дарга ажиллах ёстой гэж бодож байна.

Ер нь энэ ажил их хэцүү юм билээ. Би УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан. Маш олон хүний эрх ашиг оролцсон, их зовлонтой, хүнд ажил юм билээ гэдгийг хэлье. Дараагийн ирэх хотын даргаа л хайрлаарай. Бас шахаж, шүүмжилж ажиллахыг хүсье” гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ ёс зүйн хариуцлага уу. Өргөдөлдөө юу гэж дурдсан бэ?

-Би цэвэр ёс зүйн хариуцлагаа хүлээж байна. Үүнийг бүү улс төржүүлээрэй. Би ард түмнийхээ өмнө цолоо дуудуулдаг аварга хүн. Энэ цол надтай насаараа явна. Тийм учраас би ард түмэндээ хүндэтгэлтэй хандах ёстой. Олон түмнийг чилээгээд, жагсаагаад байх сонирхол үнэндээ алга. Ширэн нүүрлээд байж чадахгүй юм.

-Нийслэлийн МАН-ын хороогоо яах вэ?

-Намын журмаараа үргэлжилнэ. Энэ бол миний байгуулсан намын хороо.

-“Aqua Garden”-ийг нураах асуудлыг яах вэ?

-Угаасаа нураана. Би нэгэнтэй нь ч уулзаж үзээгүй. Би ширээний ард сууж цай ууж үзээгүй. Юу үнэн гэвэл энэ үнэн. Шүүхийн шийдвэрийг дагаад захирамж гарсан. Дунд нь зүгээр байсан газрыг цуцалсан шүү, 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр. Энэ бол орон нутгийн сонгуулийн өмнө гарсан шийдвэр. Цэвэр эрх ашиг, авлигатай холбоотой асуудал мөн.

-Дараагийн хотын даргад та хэнийг тохиромжтой гэж үзэж байна вэ?

-Хэцүү дээ. Энэ бол хайруулын таваг. Энэ ажил надад их зүйлийг сургасан. Их ч ачаа байдаг юм байна. Хат сууж, ухаарлаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу