Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн наймдугаар сарын 9-нд НИТХ-ын хуралдаанд оролцох үеэрээ нийслэлээс гаргах бондоос 177.5 тэрбум төгрөгийг авч, Хятадаас хагас кокс оруулж ирэн, энэ өвөл гэр хорооллын айлуудад түлүүлж турших талаар мэдэгдсэн. 

Тэрбээр “Өнгөрсөн галлагааны жилүүдэд иргэдээс утаа их байгаа талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжид түүхий эдийг солих буюу одоо байгаа мидлингийг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд Орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж, БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Ингэхдээ 80 тн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторид шинжлүүлж үзлээ.

Тэгтэл мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3  болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.

Тиймээс нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд тендерийг нь зарлаж, үйлдвэрлээд, 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна. Туршилтаас айхгүй байна” хэмээн хэлж байв. 

Түүнийг ийм үг унагасан даруйд олон нийт шүүмжилсэн. Зээл авч, туршилт хийж, мөнгө дэмий үрэх гэж байна гэх хэсэг байсан бол зарим нь нийслэлчүүдийг туршилтын туулай болгож, хичнээн хүний амь насаар тоглох вэ гэдэг асуудлыг хөндөж байсан юм. 

Б.Чойжилсүрэн сайд хагас кокс түлвэл утаа буурна гэдгээ батлах гэсэн маягтай Баруун бүсийн Тавантолгой түлшийн байранд хэвлэлүүдийг дуудаж, шахмал түлш, хагас коксыг зэрэг түлж, ялгарч буй утааг нь харьцуулан харуулсан. Гэсэн ч иргэд хатуухан шүүмжилсээр байв. Энэ асуудал наймдугаар сарын эхээр өндрөө авсан ч есдүгээр сард нам жим болсон.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр (2023.10.03) хагас коксын талаар дахин ам нээжээ. Ингэхдээ тэрбээр “Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан, эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байна. Том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзье гэж байгаа юм” гэсэн байна. 

Тэгэхээр Б.Чойжилсүрэн сайд том алдаа хийх гэж буй эсэхээ 31.7 тэрбум төгрөг зарж, Нисэх, Яармаг, Налайхын өрхүүдэд турших нь. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу