Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК БНСУ-аас 100 ширхэг ногоон автобус оруулж ирсэн билээ. Тус автобусуудыг нийлүүлсэн БНСУ-ын хоёр иргэнийг АТГ-аас баривчилсан байна. 

Тодруулбал, тэднийг өнгөрсөн шөнө баривчилж, 461-р хорих ангид 48 цагийн хугацаатай саатуулжээ. 

Энэ хоёр этгээд нь өнгөрөгч ням гарагт хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс биш. “Тэнүүн-Огоо” болон “Daewoo” компанийн хооронд зуучлах үүрэг гүйцэтгэсэн БНСУ-ын өөр компанийн төлөөлөл гэх мэдээлэл байна.

Сануулахад, Ногоон автобусны хэрэгт ЭЦА болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллаж буй. Тэд ням гарагийн шөнө Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, тус газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, “Тэнүүн Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг баривчилж, саатуулсан. Улмаар тэдний дансны гүйлгээг шалгаж, мөрдлөг явуулна гэдгийг мэдэгдсэн билээ. Мөн БНСУ болон Вьетнамын хуулийн байгууллагатай хамтарч ажиллах хүсэлт явуулна гэдгээ АТГ-аас илэрхийлээд буй. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу