Бидний үр хүүхэд өнөөдрийг хүртэл үл хайхрах хүчирхийлэл дунд явж ирсэн. Тоотой хэдхэн газарт аюулгүй эрүүл мэт байх боловч олонх болсон нийгмийн бүлэгт тасралтгүй гэр бүлийн хүчирхийлэл, авто осол, хүчирхийлэл, амиа алдах тохиолдол гарсаар байна.

Хүүхэд хамгааллын 108 утсанд өдөрт 400-500 дуудлага ирдэг. Уг дуудлагыг ангилахад үл хайхрах хүчирхийллийн шинжтэй дуудлага 70 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ анхаарах ёстой асуудал биш гэж үү?

Үл хайхрах хүчирхийллийг ерөнхийд нь 4 төрөлд хувааж авч үздэг. Үүнд:

Нэг: Бие махбодын хайхрамжгүй байдал: Хүүхдийн зохих ёсны аюулгүй байдлыг хангахгүй, хараа хяналтгүй байх.

Хоёр: Боловсрол олгоход анхаарахгүй, хайхрамжгүй ханддаг байдал: Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн боловсрол эзэмших боломж, нөхцөлийг хангаж өгөөгүйн улмаас хүүхэд боловсролын үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг.

Гурав: Сэтгэл хөдлөлийн хайхрамжгүй байдал: Хүүхдийнхээ сэтгэл зүй, нийгмийн харилцаанд анхаарал хандуулахгүй байснаар олон төрлийн эрсдэл, сөрөг үр нөлөө гардаг. Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ихэвчлэн үл тоомсорлож, гологдсон, заналхийлсэн, тусгаарлагдсан мэт санагддаг.

Дөрөв: Эрүүл мэндийн хайхрамжгүй байдал: Хүүхдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө хэрэгтэй.

Үл хайхрах хүчирхийлэл нь эцэг, эхийн хариуцлагатай шууд холбоотой зүйл. Хүүхэд таны өмч биш. Та хүүхдээ төрүүлсэн л бол түүнд тодорхой эрх үүсч, та хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай.

Нийслэл, орон нутгийн хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах 34 төв тасралтгүй 24 цагаар ажилладаг байна. Хүүхэд, насанд хүрэгчид, эмэгтэйчүүдийг түр хамгаалах, аюулгүй байлгах үйлчилгээ үзүүлдэг уг байр өнөөдөр (2023.10.04)-ийн байдлаар “дүүрсэн” байна” гэж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлсэн юм.

Бидний эргэн тойронд айдаст автсан бяцхан зүрхээр дүүрчихсэн гэсэн үг. Цэцэг цэврүү шиг инээж явах ёстой хүүхдээ уусан архиныхаа ааганд зодож, хүчирхийлж, олж буй мөнгөнийхөө шанд ялархаж, зандарч, хэтийдсэн ажилдаа дарлуулж, үл тоож байгаагаа бид хэзээ болих юм бэ? Хаалгыг нь түгжээд гарахдаа хүүхдэд минь юу тохиолдож болох вэ гэдгийг тооцоолдог хариуцлагыг бид өнөөдрийг хүртэл олж аваагүй л байгаа нь харамсалтай.

Үр хүүхдээ алдсан нэгний хатаагүй нулимсыг “чичилж” байгаа хэрэг биш бөгөөд нийгэмд нэхэн сануулж өөрчлөх ёстой гэдгийг ойлгуулахыг хичээсэн бичвэр болно.

Өнгөрөгч наймдугаар сард гарсан тоон судалгаагаар 2020-2023 оны наймдугаар сар хүртэл 223 хүүхэд зөвхөн зам тээврийн ослоор амиа алдсан. Мөн аравдугаар сарын 2-нд оройн 19 цагийн орчимд гэртээ харгалзах хүнгүй байсан бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан,

Есдүгээр сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн …дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор 5 настай хүүхэд унаж харамсалтайгаар хорвоогоос одов. Энэ бүхнийг сонсоод нуруугаар хүйт дааж, сэтгэл цочирдон байна. 

Эцэг эх, асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч хэн бүхэн хорвоод ирсэн бяцхан зүрх бүхний төлөө бүх чадлаа зориулан хайрлаж, хамгаалж өсгөдөг байгаасай. Эрүүл, аз жаргалтай нийгмийг хүсэхдээ бид улс төрчид, дарга нарт уураа гаргаж, харааж зүхэж, утсаа ухаж хэрэлдэхийн оронд гэр бүлдээ цаг гаргадаг байгаасай. Дэргэдээ гэрэл асаасан хүн бусдадаа гэрэл дамжуулдаг байгаасай.

Бүх зүйлийг хоёр талаас нь харж, тэнцвэртэйгээр хандах нь зүйн хэрэг. Хайр, анхаарал халамжаар дүүрэн өссөн хүүхэд буруу хүн болохгүй. Нөгөөтээгүүр хүүхдийн хүмүүжлийн асуудал мөн сэтгэл эмзэглүүлэм болоод удаж байна. Бага насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт байгаа ч нийгэмд түгсэн зарим зураг, видео бичлэгээс харахад тэд буруу замаар яваад байгаа хэрэг биш, анхаарал халамжаар хэт дутаж, гэр бүлийн маргаан, эмх замбараагүй байдлаас зугтсандаа өөрсдийгөө зугаацуулах зүйлсэд татагдаж байгаа хэрэг.

Нийгмээ эмчлэх, хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг бидэнд бий. Эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг байцгаая.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу