Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлэхэд зайлшгүй нөлөөлж буй дотоод болон гадаад хүчин зүйлс, тус хөдөлгөөний зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийг хангахад цаашид анхаарах чиглэлүүд юу байж болохыг онцолсон юм. Тэрбээр “НҮБ-ын судалгаагаар 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэл ороод буй. Түүнчлэн өлсгөлөнд нэрвэгдэж буй хүн амын тоо цар тахлын дараа 150 саяар нэмэгдэж, 820 сая болж өссөн. Цаашид өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын тоо буурах төлөвгүй байна.

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байгаагаас эрүүл хоол хүнс хэрэглэгчдийн тоо дэлхий даяар буурч, 2020 оны байдлаар 3.1 тэрбум хүн шим тэжээлт хүнс худалдан авч чадахгүй байна. Үүний зэрэгцээ үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд экспортоо хязгаарлахад хүрсэн. Хүнсний дутагдлаас хамаарч өлсгөлөнд нэрвэгдэх, ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх, ядуурал улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын судалгаа харуулж байна. Энэ нь Монгол Улс үйлдвэрлэгч орон болохыг чухалыг мэдрүүлж байна” гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтийн хүрээнд цаашид төр, хувийн хэвшлийн зүгээс дараах асуудлуудад анхаарч, хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцлов. Үүнд:

1.Хөдөлгөөний хэрэгжилтийг улс орны хөгжлийн бодлого, түүн дотроо бүсчилсэн хөгжлийн бодлоготой зөв уялдуулах, хүнс, хөдөө аж ахуйн кластеруудыг бодлогоор хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборуудыг байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, тээвэр логистикийн оновчтой сүлжээг шинжлэх ухаанчаар төлөвлөн хэрэгжүүлэх;

2.Дотоодын хүнс, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг дэмжих, хамгаалах эдийн засгийн зөв арга хэрэгслийг ашиглах, хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах;

3.Таван жилийн дотор малын өвчингүй эрүүл бүс болоход шаардлагатай вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг суурь асуудлуудыг шийдвэрлэж, 2023 онд тодорхой бодит ахиц дэвшил гаргах;

4.Хязгаарлагдмал төсөв, хөрөнгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зээл санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн оновчтой, хүртээмжтэй хөшүүрэг ашиглах, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих; 

5.Төрийн худалдан авалтын бодлогыг эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх; 

6.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний гүйцэтгэл, хүрэх үр дүнг жил бүрээр нарийвчлан төлөвлөж, бодит үр дүнг олон нийтэд хагас жил тутам тайлагнах нь зүйтэй юм. ” гэв.

Тэрбээр ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох бололцоотой болохыг тэмдэглэсний зэрэгцээ мөн ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөн хэрэгжихэд шаардлагатай бодлого шийдвэрүүд гарч, бодит ажил хэрэг болоход бэлэн болсныг дуулгая” гэв. 

‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнийг баялаг бүтээгчдийн үгийг сонсох, улмаар бодлого тодорхойлогчид цаашдын шийдвэртээ тэдний санал бодлыг тусгах зорилготой юм. Зөвлөгөөнөөр:

• “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт”,

• “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ”,

• “Хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын санхүүжилт”,

• “Үндэсний үйлдвэрлэл ба экспорт”, “Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл”,

• “Хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах”,

• “Тахианы аж ахуйн үйлдвэрлэл ба хүн амын хүнсний хангамж дахь оролцоо” зэрэг сэдвээрх илтгэлийг сонсох юм.

Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга Ч.Даваабаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад албаны хүмүүс оролцож байна. Уг зөвлөгөөний хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” үзэсгэлэн МҮХАҮТ-д гарах ба үзэсгэлэнд 100 орчим үндэсний үйлдвэрлэгч, 50 гаруй төрийн байгууллагын төлөөлөл оролцоно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу