Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтал үндсэн чиглэлийн төслөө УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгөв.

Тэрбээр” Инфляц наймдугаар сарын байдлаар 10.0 хувьтай гарлаа. Жилийн инфляцыг авч үзвэл 40 орчим хувь нь мах, гурилаас үүдэлтэй байгаа бөгөөд дотоодын хүнсний 14-15 нэр төрлийн барааны үнээс мөн шалтгаалж байна.

Инфляц долоодугаар сарын үзүүлэлт болох 9.2%-аас 10.0% болж өссөн гол шалтгаан нь сургалтын төлбөр 20 гаруй хувиар буюу олон жилийн дундаж өсөлтөөс хоёр дахин өссөн, мөн суурь үеийн нөлөөлөл байгааг бид тооцоолсон. Ер нь цаашид тээвэр логистик, шатахууны хангамж, дотоодын хүнсний бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлт инфляцыг тогтворжуулахад маш чухал.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд мах, сүү, хүнсний ногоо, шатахуун гэсэн 4-5 төрлийн бүтээгдэхүүн нийт инфляцын 40-50 хувийг бүрдүүлдэг байдал шийдэгдэхгүй үргэлжилсээр байна.

Энэ оны дөрөвдүгээр улиралд нэг орон руу буух суурь төсөөлөл хэвээр байгаа боловч төсвийн зардал, бензин, хүнс гэх мэт барааны хангамж болон үнийн эрсдэлүүд байсаар байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад тээврийн саатал арилж, зардал буурч барааны хангамж сайжирч, импортын инфляц буурч байна. Шатахууны үнэ ч харьцангуй тогтвортой байна. Түүнчлэн инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний нэлээн хатуу бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч байна. Мөнгөний хатуу бодлогын хүчтэй нөлөө энэ оны төгсгөлөөс ирэх оны эхний улирлуудад илэрнэ.

Хүлээлтийн судалгаанаас харахад, инфляцын хүлээлт ч тогтворжиж байгаа нь сайн үзүүлэлт болж байна. Шинэчилсэн төсөөллөөр ирэх жилд инфляцыг тогтворжуулах бодлого үргэлжлэх бөгөөд төсөөллийг бага зэрэг нэмэгдүүлсэн нь цалингийн өсөлт болон төсвийн зардалтай холбоотой.

Төсвийн бодлого тэлэх тусмаа өрийн тогтворгүй байдлыг бий болгох, урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх, дотоод хөрөнгө оруулалтыг хумих, инфляцыг хөөрөгдөх нөлөөллийг эдийн засагт бий болгодог. Энэ нь мөнгөний бодлогыг хатууруулах нөхцөлийг үүсгэж, макро эдийн засгийн бодлогын таатай бус хослол руу түлхэж байдаг.

Инфляц, түүний хүлээлтийг тогтворжуулахын тулд өнгөрсөн оны турш мөнгөний бодлогын төлөвийг чангаруулсан шийдвэр гаргаж, энэ онд бодлогын хүүг хэвээр хадгалсаар байна. Энэ хатуу бодлого нөлөөгөө үзүүлж байгаа” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу