“Ханжөү 2022” Азийн наадмын анхны хос медальт боксчин болсон Б.Чинзориг өнөөдөр (2023.10.04) алтан медалийн төлөө 2022 оны Ази тивийн хүрэл медальт Тайванийн тамирчинтай тулалдана.

Тэрбээр өчигдөр (2023.10.03) мөнгөн медалийн төлөөх тулаандаа Тайландын боксчин, өнгөрсөн оны тивийн аварга Бунжонг Синсириг 5:0 харьцаатай хожиж, тивийн наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан билээ.

Финалд шалгарснаар гурав дахь удаагаа олимпод өрсөлдөх эрхтэй болсон тэрбээр Казахстаны боксчинтой хийсэн тулааныхаа дараа  “Дэлхийд Куба, Казахстан, Узбекистан улс эхний эгнээнд байдаг. Маш олон олимп, дэлхийн аваргуудтай. Миний хоёр дахь тулаан Узбекистан, гурав дахь нь Казахстан гээд бүгд нэг зоонд орчихсон чанга сугалаа таарсан. Хүчтэй орнуудын боксчдыг ялж гарч ирсэндээ баяртай байна.

Хагас финалд Тайландын тамирчинтай тоглоно. Өмнө нь бид хоёр Азийн аваргаар хоорондоо тоглоод би ялагдаж байсан. Гэхдээ би түүнийхээ хариуг авна гэж боддог. Яагаад гэхээр тухайн үеийн шүүлтийн үр дүнтэй санал нийлдэггүй” хэмээн ярилцлага өгч байв.

Б.Чинзориг хэлсэндээ хүрч, Тайландын тамирчныг 5:0-оор буулгаж авснаар “Парис 2024” олимпын эрхийг авсан юм. Рингээс буусныхаа дараа тэрбээр “Цохилт бүрийг минь уухайлан дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Монголд төрсөндөө, монгол тамирчин болсондоо баярлаж явдаг. Та бүхэн минь надад дандаа урам зориг өгдөг шүү” гэжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу