2020-2024 оны парламентын намрын отгон чуулган аравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн. Энэ удаагийн парламент гал дуудсан, тун ч асуудал ихтэй эхэллээ. Манай парламентын түүхэнд чуулганы нээлтийг баяр ёслол мэт эхлүүлдэг байсан бол энэ удаа эсрэгээрээ байсан юм. Өмнөх чуулганы нээлтийн өдрийг харахад Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хотын даргаа үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан удаагүй.

Балагтай ногоон автобусны хар гайгаар хот нь даргагүй эзгүйрч, хот хариуцсан сайд нь ажлаа өгч, эзэн толгойгүй эл хуль мэт байдал бий боллоо. Үүнтэй зэрэгцэн нийтийн тээврийн салбарт 20 гаруй жил  ажилласан, алдаж онож босож яваа “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, “Эрдэм транс” ХХК-ийн захирал Я.Эрдэмбилэг нарыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Нэг талдаа “төсвийн мөнгөд хэр хариуцлагатай хандаж ирсэн бэ” гэдгийг харах ч нөгөө талаасаа “нийслэл хот маань нийтийн тээвэргүй болох” эрсдэл үүсчихлээ.

Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн автобус баазаас гадна хувийн хэвшлийн “Тэнүүн Огоо”, “Эрдэм транс” хоёр л өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Муугаар бодож энэ хоёрын удирдлагууд авлига, албан тушаалын хэрэгт холбогдлоо гэхэд нийтийн тээврийн салбар хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадах уу? 

“Тэнүүн Огоо” ХХК-ийн хувьд нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг нийт автобусуудын 20% буюу 24 ширхэг CNG байгалийн хийгээр ажилладаг автобусууд нэвтрүүлж, хотын 11 чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг. “Эрдэм Транс” ХХК-ийн хувьд өдөр тутамд 25 чиглэлд нийт 250 автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

Иргэдийн эрх зөрчигдөж, нийгэм даяар шуугиж байгаа нь зөв хэдий ч нөгөө талдаа энэ салбараа тэр чигээр нь татаж унагаад, автобусгүй, парк шинэчлэлгүй, хотын даргагүй, хот хариуцсан сайдгүй болох эрсдэл үүсээд байна. 1.5 сая хүнтэй нийслэлийн нийтийн тээврийн нөхцөл байдал одоогийн чигээрээ үлдэж, дээр нь нэмээд хоёр том компани нь тасалдаад эхэлбэл нийгмийн уур бухимдлыг улам дэвэргэх нөхцөл байдал үүснэ. Өвлийн хүйтэн хаяанд ирж, түгжрэл толгой дээр гарсан энэ цаг үед зөв бодлого, шийдвэр хамгийн их дутагдаж буй.

Хэт шуурахаас илүүтэй нөгөө талынхаа эрсдэлийг бас давхар тооцох нь зүйн хэрэг. Угтаа сонгуулийн өмнөх халаа сэлгээний золиосонд иргэд зорчих эрхээрээ хохирч хэрхэвч болохгүй. Энэ чигээрээ том нь хэрэг үйлдэж, түүнийгээ жижигтээ үүрүүлээд байвал ажил хийх хүн олдохгүй болов уу?

Парк шинэчлэлт хийхээр оруулж ирсэн 100 автобус гологдсоор, хуучнаараа үйлчилгээгээ үргэлжлүүлж, дээр нь нэмээд 300 гаруй автобус нь тасалдаад, зогсох дээрээ тулбал сая нэг иргэд дуугарах болов уу? 

Өмнөх жилүүдэд гарч байгаагүй их үймээн самуун, авлига, албан тушаалын хэрэгтэй дөрвөн жил шувтрах дөхөж байна. Бид одоогийн нөхцөл байдлыг сайжруулахыг хүсэхгүй байна уу, эсвэл хүчлэхгүй байна уу. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу