Авлигатай тэмцэх газраас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар болон гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн билээ. 

Тэднийг өчигдөр буюу аравдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилж, 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон байна. 

Сануулахад, Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг Авлигатай тэмцэх газраас допингийн шинжилгээний хариуг хувийн цахим хаягаараа авдаг байсан, допингтой бөхчүүдээс авлига авч, шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг байж болзошгүй гэх хоёр үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Сүүлийн жилүүдэд Ж.Хатанбаатар Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүнээр ажиллах хугацаандаа үндэсний бөхчүүдээс мөнгө авдаг, зарим шинжилгээний хариуг дарж үлдээдэг, танил талтай нэгэнд илт давуу үйлчилдэг гэсэн хэл аманд өртөх болсон байна.

Авлигатай тэмцэх газраас Ж.Хатанбаатар болон Допингийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ. Энэ талаар албаны эх сурвалж “Нэгжлэг хийн, нотлох баримт хураан авсан” гэж мэдээлэв. Мөн тус байгууллагын эмчийн ажлын өрөөнөөс допингийн төрлийн булчингийн масс нэмдэг бодис илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу