Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр жилийн турш авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг танилцууллаа. 

Тэрбээр “Жилийн өмнө Монгол Улсын гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш өдөрт 2-4 төгрөгийн хооронд хэлбэлзээж байсан. Тэгвэл жилийн хугацаанд Монгол Улсын валютын нөөц 4.2 тэрбум ам.долларт хүрч, 1.6 тэрбум ам.доллароор нэмэгдсэн” хэмээн танилцууллаа. Мөн экспорт нэмэгдэж, эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор нэмэгдсэн. Зэсийн баяжмал нэг сая 152 мянган тоннд хүрч, таван хувиар, төмрийн хүдэр 4.2 сая тоннд хүрч, 33 хувиар, газрын тос 2 сая баррелиар тус тус өссөн байна.

Ашигт малтмалыг худалдан борлуулах, тээвэрлэх бүх үйл ажиллагааг бүрэн бүртгэлжүүлсэн. Экспортыг автомат гааль татварын бүрдүүлэлтийн системээр дамжуулан хийснээр манай улсын авч байгаа татварын хэмжээ нэмэгдсэн. Ингэснээр 2023 онд төсвийн тодотголыг 1.8 их наяд төгрөгөөр хийж, цалин тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээ авсан юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо нэвтэрсэн. Нийт 7.5 сая тонн нүүрс, 100 мянган тонн төмрийн баяжмал зарагдсан. Зарим үед 50-60 удаа үнэ дуудаж байна. 56 доллар байсан төмрийн хүдэр 84 доллар болж өсөж байгаа нь ямар хэмжээний орлого алдаж байсан нь харагдаж байна.

Ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой нууц гэрээг ил болгож шинээр оффтек гэрээ хийхийг Засгийн газрын тогтоолоор хориглосон.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн томилон ажиллаж байна. Ингэснээр 2021-2022 оны есөн сарын хооронд бий болгосон 605 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсан.

Уурхайн ам үнээр тээврийн гэрээ байгуулдгийг зогсоосон. Мөн тээврийн компаниудын төлж байгаа татварын хэмжээ 45 хувиар нэмэгдсэн. Гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 2.7 тэрбум ам.долларыг Монгол банканд худалдаж гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж онцоллоо.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу