МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлээд байна. Эл томилгоотой холбогдуулан Х.Нямбаатар сайд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Засгийн газрын шийдвэр гараад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэсэн үүрэг өгсөн. Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн шийдвэр гаргалаа. 

Процессын тухайд, эхлээд миний бие УИХ-ын гишүүнээс татгалзах ёстой. Үүний дараа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу НИТХ иргэдийн хурлын чуулганаа зарлах ёстой юм байна. Уг чуулган миний нэрийг намын бүлгээс нэр дэвшүүлж, олонхын саналыг авбал Ерөнхий сайдад уламжилна” гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Энэ шийдвэрийг хэр удаан бодож байж гаргав. Сэтгэл зүйн хувьд бэлэн байна уу?

-Би 2016, 2020 оны сонгуулиудад Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс сонгогчдодоо очиж, долоон жил таван сарын хугацаанд хийсэн ажлаа тайлагнана. Би хол газар руу явахгүй. Хотын Засаг даргын хувиар иргэдтэй уулзаж, асуудлуудыг нь шийдээд явна. Тойрогтоо амьтай, сэтгэлтэй хүн шүү, би.

-Та Засгийн газрын түвшинд маш олон ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ ажлуудыг хэрхэх вэ?

-Сая гэхэд би нэг ажлын хэсгийн хурлаас гарч ирлээ. Ирэх Даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралд “Орона майнинг”-тай тохиролцсон асуудлыг танилцуулна.

“Чайна энержи” компанитай хийж буй хэлэлцээрийг мөн би ахалж байна. Энэ хүрээнд саяхан БНХАУ-д айлчилсан. Энэ үеэр “Чайна энержи” компанитай уулзаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилд ойлголцолд хүрсэн.

Энэ ажлуудаа дараагийн хүмүүст нь хүлээлгэж өгнө. Гэхдээ хүн явлаа гээд төрийн ажил зогсож, саатах ёсгүй. Авлигын төсөөллийн индексийг бууруулах чиглэлээр би хоёр жил гаруйн турш ажиллалаа. Энэ ажлын дүнгээр бид оноо ахиж байгаа гэдгийг хэлье.

Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан. Тиймээс хувь хүний болон улс төрчийн хувьд эрсдэлтэй шийдвэр гаргалаа гэдэг гоншигоносон яриа гаргахгүй гэж бодож байна. 

-Ажлаа юунаас эхлэх вэ?

-Би Ерөнхий сайдаас маш олон үүрэг чиглэл, даалгавар авсан. Нийслэлд 5Ш ажиллагааг эрчимжүүлэх, худалдан авалтын ажиллагааг ил тод болгох, газар олголт, барилга хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой ажлуудыг ил тод болгох зэрэг маш олон даалгавар тэмдэглэж авсан. 

Нийслэл бол маш олон асуудалтай их айл. Түгжрэл дээд цэгтээ хүрчихсэн байна. Импортын автомашины ямар нэгэн хязгаарлалт хийгдэхгүй байна. Нийтийн тээврийн бодлого уначихлаа. Аравдугаар сарын сүүлээс агаарын бохирдол ихэснэ. Нийслэлтэй холбогддог хууль эрх зүйн орчны шинэчлэлийг бүрэн хийх хэрэгтэй. Энэ мэтээр би өнөөдөр гурван цаг орчим Ерөнхий сайдаас хоттой холбоотой асуудлаар чиглэл авсан. 

Ногоон автобустай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэнэ. Эл ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах хуульд нийцүүлж хийж байсан эсэхийг шинжээч томилж шалгуулна. Шаардлага хангаагүй бол цуцална. Яг үнэнийг хэлэхэд тэр ногоон автобусуудыг ч би хараагүй.

Би Ерөнхий сайдаас авсан чиглэлийнхээ талаар мэдээллийг хэлж байна. Хэрэв Хотын даргаар томилогдвол энэ богино хугацаанд алсдаа тустай, ойрдоо давс мэт шийдвэр гаргана. Одоогоор ажлаа аваагүй байна. Ядаж сарын дараа угаадас цацаж эхэлбэл зүгээр байх. 

Шулуухан хэлэхэд, энэ ажилд томилогдъё гэдэг санаачилгыг би гаргаагүй. Засгийн газрын тэргүүний гаргасан шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээж авсан юм шүү” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу