Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр (2023.10.04) болжээ.

Тус хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Б.Цэрэндорж нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр хэлэлцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэв.

Сануулахад, Үрэл овогт Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Боржигон овогт Түвшинжаргалын Баясгалан нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;

түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлүүдээр хэрэг үүсгэн, шалгаж шүүсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу