Германы Канцлер Олаф Шольц болон түүний Социал демократ нам Германы хоёр чухал бүс нутагт болж буй сонгуулийн түүхэн “хямрал”-тай нүүр тулах гэж байна гэж “N-TV” мэдээлжээ.

Тус сувгийн сануулснаар, ирэх Ням гарагт 19 сая хүн амтай, “хүнд жингийн” Бавари, Хэссе зэрэг мужуудад орон нутгийн сонгууль болох аж.

Сонгуультай холбоотой санал асуулгад оролцогчид тус намын хувьд “давхар цохилт” болж, “жинхэнэ ялагдал” хүлээн, канцлерын намд “гал гарах магадлал өндөр байна” гэж таамаглаж буйгаа илэрхийлжээ.

Бавари мужид Шольцын нам тавдугаар байранд, Хессенд дөрөвдүгээр байранд орох эрсдэлтэй байгаа аж. Үүний зэрэгцээ сөрөг хүчин болох Христийн ардчилсан холбоо болон Христийн нийгмийн холбоодын сөрөг хүчний эвсэл төдийгүй ногоонтнууд болон баруун жигүүрийн Германы альтернатив нам канцлерын намыг гүйцэж түрүүлж болзошгүй дүр зураг ажиглагдаж буй юм байна.

“N-TV” мэдээлэлдээ “Ирэх Ням гаригийн орой Олаф Шольцын хувьд түүний канцлер байх үеийн хамгийн муу мөч тохиох магадлалтай. Санал асуулгаар Социал демократ нам “унах” нь илэрхий болсон. Одоогийн байдлаар германчуудын 79 хувь засгийн газартаа сэтгэл дундуур байна” гэж дурджээ.

Тус телевизийн суваг мөн “Засгийн газрын эвслийн гишүүдийн хоорондох маргаан Ням гаригт дахин хурцдаж, Берлинд улс төрийн өөрчлөлт хийх олон нийтийн шахалт нэмэгдэх төлөвтэй байна. Социал демократ нам өөртөө эргэлзэж, “цочролын давлагаа”-тай тулгарах нь. Энэ бол Олаф Шольцын оршин тогтнохын төлөөх тэмцлийн эхлэл байх болно” гэж онцолжээ.

Эх сурвалж: NTV
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу