МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохыг дэмжсэн билээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхий сайд намайг өнөөдөр дуудаж уулзаад, гурван асуулт асуусан.

  • Хүний эрхийн мэдрэмжтэй байж чадах уу,
  • Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан. Үүн шиг нүүрсний сонсголыг сайн хийж, шударга ёсны төлөө хамт тэмцэх үү, 
  • Боловсролын зээлийн сангаас зээл авсан асуудалд нэр холбогдож байна. Үүнд тайлбар хэлэх үү гэсэн. 

Үүнд нь би хариулсан. Ерөнхий сайд угаас бүх материалыг татаад үзчихсэн байна лээ. Хууль зөрчсөн ямар ч асуудалгүй. Одоогоос 16 жилийн өмнө буюу 30 хүрээгүй байхдаа Хууль зүйн яаманд ажиллаж байсан. Энэ үед яамны захиалгаар гадаадад суралцсан. Төрийн даалгавраар яваад ирсэн. Төрдөө одоог хүртэл ажиллаж байна. Төлбөрөө 100 хувь бэлэн мөнгөөр барагдуулсан. Хуулийн зөрчилтэй ямар нэгэн асуудал байхгүй.

Ерөнхий сайд “Нүүрсний сонсголыг энэ онд багтааж зохион байгуулах учиртай” гэж хэлсэн. Энэ ажил руу яаралтай орно. Бүх асуудлыг ард түмэнд нээлттэйгээр, улс төрийн ямар нэгэн намын нөлөөгүйгээр бүгдийг олон нийтэд илчлэх ёстой. Энэ асуудлыг тойрч ярилцсан. Ерөнхий сайдын хулгайчидтай хийх тэмцэлд хуулийнх нь илд байна. Үүнийг би итгэлтэй хэлж чадна. 

Намын шийдвэр гарсан ч төрийн шийдвэр эцэслэж гараагүй байгаа учраас олон зүйл яримааргүй байна” гэв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу