Азийн Хөгжлийн Банк (АХБ) бүс нутагт нүүрлээд буй олон хямралыг шийдвэрлэх зорилгоор ирэх арван жилд 100 тэрбум ам.долларын санхүүжилт бий болгох хөрөнгийн удирдлагын шинэчлэлээ өнөөдөр баталлаа. Ийнхүү санхүүгийн эх үүсвэрийг хувийн хэвшлийн санхүүжилт болон дотоодын эх үүсвэрээр нэмэгдүүлснээр уур амьсгалын хямралыг давахад тэрбумаар бус их наядаар шаардагдаж буй санхүүжилтийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.

АХБ нь Өөрийн хөрөнгийн хүрэлцээний бодлого (ӨХХБ)-доо нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэхүү шинэчлэлийг нэвтрүүлж байна. Тус банкнаас жилд батлах шинэ санхүүжилтийг 36 тэрбум ам.доллараас багагүй хэмжээнд байхаар нэмэгдүүлсэн нь өмнөхөөс 10 тэрбум орчим ам.доллараар буюу 40%-иар өсөж буй үзүүлэлт юм.

АХБ-наас эрсдэлийн бодлого, хязгаар, хэм хэмжээг зохих түвшинд байлгахын зэрэгцээ өөрийн хөрөнгийн зохистой харьцааг оновчилсон нь санхүүжилт нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн хямралтай тулгарч буй АХБ-ны хөгжиж буй гишүүн орон (ХБГО)-уудыг дэмжихэд зориулсан Мөчлөг сөрсөн зээлийн нөөц эх үүсвэр бий болж байна.

АХБ өөрийн эх үүсвэрээс ХБГО-ууд болон хувийн хэвшлийн харилцагч нартаа ирэх арван жилд 360 сая тэрбум ам.долларын санхүүжилт олгох боломжийг бий болгосон эдгээр арга хэмжээ нь тус банк өөрийн ААА зээлжих зэрэглэлээ ашиглан урт хугацаатай, бага зардалтай санхүүжилтээр өөрийн гишүүн орнуудыг дэмжих чадварыг хадгалахад чиглэсэн. Санхүүгийн хямралын үед өөрийн хөрөнгө буурахаас урьдчилан сэргийлэх сэргэлтийн төлөвлөгөөг тус шинэчлэлд тусгасан тул энэ нь АХБ-ны AAА зээлжих зэрэглэл цаашид тогтвортой хадгалагдахад дэмжлэг болох юм. АХБ нь ӨХХБ-ыг 3 жил тутамд эргэн хянадаг байна.

АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава “Эдгээр чухал шинэчлэлүүдийг хийснээр АХБ Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд өргөн хүрээний хөгжлийн хүчин чармайлтыг дэмжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэлд өртөмтгий эмзэг орнуудад зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтээ эрс нэмэгдүүлж чадна” хэмээн хэлэв.

Мөн тэрбээр “Өнөөдрийн бидний гаргасан шийдвэр бол олон талт хөгжлийн банк (ОТХБ)-уудыг хөрөнгө нөөцөө ашиглан илүү хурдтай, илүү ихийг хийхийг уриалсан дуудлагын хариуд АХБ-наас хэрэгжүүлж буй ажлуудын нэг юм. Эдгээр хөрөнгө нөөц нь бүс нутагт нэгэн зэрэг нүүрлэсэн олон хямралыг зохицуулах, жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, бид бүгдийн орших, эс оршиход нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлтийн сорилтын өмнө суурь хэрэгцээг хангахад тус болно. Бид өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн давуу талаа ашиглан хувийн хэвшлийн болон дотоодын хөрөнгийг давхар дайчилж, өөрсдийн ажлыг хамгийн үр дүнтэй байлгахын төлөө шинэлэг байдлаар мөн ажиллах болно” гэж тодрууллаа.

Хөгжлийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийг илүү далайцтай оролцуулах замаар хувийн хэвшлийн санхүүжилтийг дайчлах нь тэрбумаар биш их наядаар тоологдох санхүүжилтийг бий болгоход чухал үүрэгтэй. Макро эдийн засгийн бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын институцийн болон зохистой орчныг сайжруулах зэргээр банкнаас дээд түвшинд хамтран ажилласнаар дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг улс орны түвшинд нэмэгдүүлэхэд түлхэц болно.

Дунд шатанд үзүүлэх банкны зөвлөх үйлчилгээний үр дүнд төсөл, хөтөлбөрийн бэлэн байдал хангагдаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай төслүүдийг боловсруулахад туслах юм. Харин доод шатанд хувийн хэвшилд эрсдэлийг бууруулах зэргээр хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн эх үүсвэрийг хамтран татах санхүүжилтийн бүтцийг ашиглах юм.

Дээд шатанд зохистой орчныг бүрдүүлж, дунд болон доод шатанд хамтарсан эх үүсвэрийг дайчлах ажил нь АХБ-ны санхүүжилтийн далайцыг өргөжүүлж, бүс нутгийн хөгжлийн төлөө зарцуулах хөрөнгө нөөцийг хэд дахин нэмэгдүүлэх өгөөжтэй юм.

Улс орнууд татварын орлогоо нэмэгдүүлэх, татварын албаа цахимжуулан шинэчлэх шаардлагатай, мөн олон улсын татварын тогтолцоог шударга, үр дүнтэй болгохоор хамтран ажиллах ёстой юм. Өрийн тогтвортой байдал болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дотоодын нөөцийг дайчлах нь нэн чухал.

АХБ өөрийн гишүүн орнууд болон хөгжлийн түншүүдийн дунд стратегийн бодлогын яриа хэлэлцээ, мэдлэг солилцоо өрнүүлэх, хөгжлийн уялдаа зохицуулалтыг хангах зорилгоор нээлттэй, хүртээмжтэй платформын үүрэг гүйцэтгэх Ази, Номхон далайн Татварын төвийг 2021 онд байгуулсан.

Ази, Номхон далайн бүс нутгийн ядуу, эмзэг бүлгийн иргэд өргөжин тэлж буй, харилцан уялдаатай хямралд нэн өртөмтгий байгаа тул тэдгээрийн эрүүл мэнд, боловсрол болон амьжиргаанд эрсдэл учирсан хэвээр байна.

2022 оны байдлаар тус бүс нутгийн нийт хүн амын 3.9 хувь буюу 155 сая хүн нэн ядуу амьдарч байгаа бөгөөд олон иргэд, ялангуяа эмэгтэйчүүд амьжиргааны зардлын хямралд өртөж, хоол хүнс болон бусад суурь бараа, үйлчилгээг худалдан авах боломжгүй болсон байна.

Шинэчлэгдсэн ӨХХБ нь АХБ-наас зээл олгох хүчин чадлаа нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлсэн шат дараатай санаачилгын хамгийн шинэ нь юм. АХБ өнгөрсөн тавдугаар сард “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт хөтөлбөр” буюу IF-CAP хөтөлбөрөө танилцуулснаар АХБ-наас олгосон засгийн газрын зээлийн тодорхой хэсэгт хандивлагчид батлан даалт гаргаж, улмаар тэр хэмжээнд уур амьсгалын төслүүдэд шинэ санхүүжилт олгох орон зайг бий болгосон.

Түүнчлэн АХБ нь зээлийн багцын төвлөрлийн эрсдэлийг бууруулахын тулд бусад ОТХБ-уудтай засгийн газрын зээлийн багц солилцох гэрээ байгуулсан бөгөөд Боловсролын төлөөх Олон Улсын Санхүүжилтийн Санд ОТХБ-уудаа толгойлон оролцож байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу