УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2023.10.04) болж, даргаараа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг 100 хувийн саналаар сонгосон байна.

Тус хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Туваан Хянан шалгах түр хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн нэрийг дэвшүүлж, Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг хэлжээ.

Хуралдаанд оролцсон гишүүд эмийн үнэ, чанарын асуудалд хувьсгал хийх цаг болсныг тодотгоод, Ж.Чинбүрэн гишүүнээс Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчил бий эсэх, эмийн үнийг буулгаж, зорилтот зах зээлд хүргэх, эмийн чанар, хүртээмж, үнэ тойрсон тулгамдсан асуудлыг цэгцлэхэд тууштай ажиллаж чадах эсэхийг тодруулсан байна.

Хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эмч хүний хувьд эм бол эмчийн гол зэвсэг байдгийг онцлоод, өөрт нь хамааралтай ямар нэг эмийн сан, эмнэлэг байхгүй тул Түр хорооны даргаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр “3.4 сая хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмийн чанар, хүртээмж, үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлын шалтгаан, нөхцөлийг тогтоож, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, тогтолцоог нь зөв болгохын төлөө Хянан шалгах түр хорооны гишүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, ажлаа эрчимжүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай байна” гэжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу