Венецийн ойролцоох гүүрэн дээрээс автобус унаж шатсаны улмаас 21 хүн амиа алдсаны дотор хэд хэдэн хүүхэд байсан талаар албаны хүмүүс мэдэгджээ. Автобус Венецтэй гүүрээр холбогддог Местре дүүрэгт явж байхдаа гүүрний хашлагыг давж, бараг 15 метрийн өндрөөс галт тэрэгний замын ойролцоо унасан байна.

Венец дэх засгийн газрын төлөөлөгч Мишель Ди Бари “Амиа алдсан хүмүүсийн дунд Украины тав, Германы нэг иргэн байсан бөгөөд итали хүн жолоодож явсан байна” гэж мэдэгджээ. Венец хотын дарга Луижи Бруньяро “Маш эмгэнэлтэй явдал боллоо” гэж мэдэгдсэн байна.

Тус улсын Онцгой байдлын албанаас “Амиа алдагсдын дунд гурван хүүхэд, түүний дотор нэг нярай байсан” гэж мэдээлжээ.

Италийн Дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси “Хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй” гэжээ. Венецийн албаныхны мэдээлснээр, тус автобусаар Украин, Австри, Испани болон бусад орны жуулчид зорчиж явсан бөгөөд нийт 15 хүн гэмтэж бэртсэний тавынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Орон нутгийн захирагч “Бэртсэн хүмүүсийн дунд 16 настай хоёр, түүнээс бага настай хоёр хүүхэд байсан” гэж мэдэгджээ.

Нийт 39 хүн тээвэрлэж явсан автобус өнгөрсөн Мягмар гаргийн 19:45 (GMT 17:45) цагийн орчимд осолдсон байна. Тус автобусыг Венецээс Маргера дүүрэг рүү аялж амрахаар явсан жуулчдыг хүргэх зорилгоор түрээсэлсэн байж магадгүй гэж албаныхан үзжээ.

Хохирогчдын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор ойролцоох эмнэлэгт сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар бүхий хүлээн авах цэг байгуулсан байна.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони болсон хэрэг явдалд анхаарал хандуулж байгаагаа мэдэгдээд, эмгэнэл илэрхийлж, “Бид хохирогчид болон тэдний гэр бүл, найз нөхөдтэй сэтгэл зүрхээрээ хамт байна” гэж хэлжээ.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен мөн энэ хүнд цаг мөчид Италийн удирдагчидтай хамт байгаагаа илэрхийлсэн байна.

Тус автобус цахилгаан батерейтай, метан хийгээр ажилладаг байсан гэж таамаглаж буй аж. “Rai TV”-д гэрчүүд мэдээлэхдээ галын дөл хэтэрхий хүчтэй байсан учраас хашгирч, аврал эрж буй хүмүүсийг аврах боломжгүй байсан гэжээ.

Автобус юуны улмаас гүүрэн дээрээс унаж, шатаж осолдсон шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар ослын газрын ойролцоох хамгаалалтын камерын бичлэгийг үзэж буй аж. Шатсан автобусны жолооч 40 настай бөгөөд автобусны компанид долоон жил ажилласан байна. Тэрээр осол болохоос өмнө тоормослох гэж оролдсон тухай мэдээлэл ч гарчээ.

2013 онд Италийн өмнөд хэсэгт орших Монтефорте-Ирпино суурингийн ойролцоох гүүрэн дээр хот хоорондын нэгэн автобус жолоодлогo алдсаны улмаас хэд хэдэн машин мөргөж, гүүрэн дээрээс унасны улмаас 38 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.

Эх сурвалж: BBC, REUTERS, CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу