Дорноговь аймгийн Сайншанд суманд хичээлдээ явахаар гарсан 12 настай охин сураггүй алга болоод 51 цагийн хугацаа өнгөрч байна. Охиныг олоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж буй юм.

Өнөөдөр (2023.10.05)-ийн 10:20 цагийн байдлаарх мэдээллийг Дорноговь аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас хүргэлээ. 

Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга О.Батжаргал “Бид аймгийн цагдаагийн газартай хамтраад энэ сарын 3-ны 10:30 цагаас хойш охиныг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Нийт 23 байгууллагын 89 авто тээврийн хэрэгсэл 245 алба хаагчийг дайчлан, эрлийн ажлыг үргэлжлүүлж байна. Охины ар гэрийнхэн болон аймгийн иргэд энэ ажиллагаанд оролцож, Дорноговь аймгийн Сайншанд сумыг тойроод эрэн хайсан.

Энэ сарын 4-ний өглөө Сайхандулаан, Мандах сумдын чиглэлд дөрвөн авто тээврийн хэрэгсэлтэй, 29 алба хаагчийг томилж явуулсан. Энэ алба хаагчид ажиллаж байх хугацаанд бид энд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, тус аймгийн Манлай болон Цогтцэций сумын цагдаагийн хэсгийн бүрэлдэхүүнтэй мэдээлэл солилцсон. Улмаар энэ сарын 4-ний 18:00 цагийн орчимд сэжигтэй этгээдийг иргэдийн оролцоотойгоор саатуулан баривчилсан. 

Дахин эрлийн ажлын хэсэг гаргаж, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлд дөрвөн автомашинтай 33 алба хаагчийг томилж, ажиллуулсан. Харин аймгийн төв дэх ажлын хэсэг сэжигтэй этгээдийн хөдөлгөөний маршрутыг хяналтын камеруудын тусламжтайгаар тогтоож, эрлийн ажил явуулсан. 

Өнөөдөр өглөө Онцгой байдлын ерөнхий газрын Агаараас эрэн хайх нэгж, ЭЦА, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг Улаанбаатар хотоос хөөрсөн. 09:20 цагт Мандах сумын нутагт ирж, агаараас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. 

Өмнөговь аймгийн Манлай суманд ажиллаж байсан ажлын хэсэг эргээд Дорноговь аймгийн Мандах сумаас эрэн хайх ажиллагааг эхлүүллээ. Сайхандулаан чиглэлд гарсан ажлын хэсэг тухайн нутаг дэвсгэртээ эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаад, Мандах сумын нутаг дэвсгэр рүү орж байна. 

Алга болсон охиныг олоогүй, эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Охины ар гэртэй байнгын холбоотой байна. Фэйсбүүк хаяг, утасны дугааруудаас цагдаагийн байгууллага болон охины ар гэр рүү батлагдаагүй мэдээллүүд өгч, эрлийн зүгийг өөрчлүүлэх тохиолдол хэд хэдэн удаа гарлаа” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу