УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхэд хамгааллын асуудалтай холбогдуулан үг хэлэв. 

Тэрбээр “Маргаашийн мэдээллийн цагаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал сүүлийн үед онцгой анхаарал татах боллоо.

Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна. Амь насаа алдлаа. Бусдад дээрэмдүүлж, хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо угаартаж байна. Хүний наймааны ноцтой мэдээллүүд ч гарах боллоо. Өчигдөр албаны байгууллагаас өгсөн мэдээллээр 20 гаруй хүн хүний наймааны хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд байсан гэж байна. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонолоо. Сүүлийн 10 хоногт гэхэд л,

  • 13 настай охин сургуулийнхаа урд гарцан дээр машинд дайруулсан.
  • Дорнод аймагт долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн. 
  • Бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартсан.
  • Орон сууцны есөн давхраас тав болон долоон настай хүүхэд унаж амь насаа алдсан
  • Гарцаар гарч явсан ээж, хүү хоёр машинд дайруулсан гэх зэрэг аймшигтай хэргүүд гарлаа. 

Улсын хэмжээнд 20-30 жил эрэн сурвалжилж байгаа, одоог хүртэл олдоогүй 20 орчим хүүхэд байна. Монгол даяар эмгэнэл, түгшүүр төрүүлж байгаа энэ үйлдлүүдийг хараад төр, засаг зүгээр сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж болохгүй. 

Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Нийслэл, орон нутагт камержуулалт яагаад бүрэн хангагдаагүй юм бэ. Өчнөөн мөнгө зарж, улсын төсвөөр хийсэн ажлууд яагаад хэрэгжихгүй байна. 

Манай нийгмийн ёс зүй мораль ээлгүй байна. Бусдын хүүхдийг ч өөрийн мэт хайрлаж энэрэх монгол ёс уламжлал алдагдсан байна. Тиймээс Хүүхдийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгаалах хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд тэр тусмаа эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Энэ чиглэлд Нийгмийн бодлогын байнгын хороо болон Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хороо, УИХ дахь хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд онцгой анхаарал хандуулж, ойрын үед шийдвэртэй арга хэмжээ авахыг үүрэг болгож байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгаж, ямар нэгэн уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй. Нийгмийг аймшигт автуулаад байгаа гаж донтон, хүүхдийн эрхийн зөрчигчидтэй хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна” гэлээ.  

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу