Нийгмийн мэдээ мэдээлэл хэтэрхий хөгжсөний үр дүнд массыг хамарсан айдас аль эрт биднийг нөмөрчихсөн гэлтэй. Айдас цочрооны ард мэдээж “сайжруулалт” хийгдэж байж нийгмээ чиглүүлж, эдгээж явах учиртай. Өнөөдрийг хүртэл бидний эргэн тойронд бий болсоор байгаа гэмт хэрэг, өвчин зовлон, уй гашуу бүхнийг нэгд нэгэнгүй тоочиж эхэлсний эцсийн үр дүнд гэмт хэрэг үйлдэгч ихэссэн гэхэд хилсдэхгүй.

Япон улсад бүх төрлийн гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагааг нэг бүрчлэн, үйл явцтай нь мэдээлдэг хэдий ч хүн хулгайлах, хүн барьцаалахтай холбоотой мэдээллийг бүх хэвлэл тохиролцон, нууцад хамааруулж болгоомжтой нийтэлдэг. Учир нь гэмт хэрэгтэн мэдээллийг авч, арга замаа өөрчилж, мөрөө балладаг нь тогтоогдсон. Эсвэл сандарсны улмаас хохирогчийг хөнөөх эрсдэл үүсдэг байгаа юм. Сүүлийн үед бид сайн, муу хэтэрхий олон мэдээллээр угаалгаж ирлээ. Үр дүнд нь нийгмийн эрүүл мэнд тартагтаа тулталаа шархалчихаад байна.

Бид учраа мэдэхгүй хүүхэд шиг нэг гал ассан хэргийг утасныхаа цаанаас харж, зааж чичлэн орлилдохоос өөрийг үнэхээр хийж чадахгүй улс бололтой. Зургаан жилийн өмнө алга болсон Сэржмядаг охины өр эмтрэм явдлын “сургамж” байх ёстой атал ганцхан машины дүрс төдий л бичлэг нотлох баримт олдож байгаа нь манай нийгмийн эмгэнэл юм. Одоо уг эмгэнэлт хэргийн ард өчнөөн шалгалт, бүртгэл мэдээлэл дахин нийгмийг угааж өгнө.

Бодит байдал дээр Долоон буудлын айл, Тахилтын гэр бүл, архи тамхины хэрэглээ, ядуурал, хүүхдийн хүчирхийлэл бүгд байрандаа л байж байна. Үргэлж орхигдож ирсэн эл сэдвүүд улс төр, нийгмийн мэдээллийн их нүргээн дунд дахиад л үлдэж хоцорно. Овоо босгоогүй бол шаазгай юунд цуглах вэ гэдэг шиг бидний сонголт эл нийгмийн тоосго бүрийг ийнхүү өржээ.

Хүүхэд амьд явах эрхтэй. Манай нийгэм хүүхдийнхээ эрхийг хангаж чадахааргүй сул зохион байгуулалттай. Мөн хүүхэд хамгаалуулах эрхтэй. Эрх баригчид өөрсдийн хүүхэд нь л өвдөхгүй бол бусдын хүүхдийг гөлөг гасалсан чинээ тоохгүй байгаа нь хамгийн үнэн зүйл.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ойр орчим, гудамж талбай болон төлбөртэй хувийн сургууль хоёрыг харьцуулахад тэнгэр, газар мэт. Үүнийг өнөөдрийг хүртэл ярьсаар ирсэн. 

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй гишүүд хүүхдийн төлөө юу хийсэн бэ?  Хэн ч үүн дээр хангалттай хариулт өгч чадна. Х.Булгантуяа тэргүүтэй хэсэг эмэгтэйчүүд нэг удаа шүгэл үлээж рекламдчихаад яваад өгсөн. Олонх эрэгтэй гишүүд мэдээж их л завгүй ийш тийш нутаг орон хэсэж яваад сая чуулсан.

Гэмт хэрэг хэдийнэ үйлдэгдэж бяцхан амь тэнгэрт одсоны хойно хуулийн төслийг дурдаж сууна лээ. Гэтэл ард иргэд цахим орчинд хүүхдийн буянд сэтгэл зориулан зул мандуулсан нэгэн бүсгүйг дуу нэгтэй муулж харагдана лээ. Эрүүл үзэгдэл улам цөөрч, элдэв хэрүүлийн шунал улам гаарч байна.

Хотод баригдах шаардлагатай ганц нэг сургууль нь ч хүртэл ашиглалтад орж амжаагүй өвөл болох нь. Хэдхэн ТББ юм уу, гаднын хөрөнгө оруулалттай ивээн тэтгэх байгууллага харин үйл ажиллагаа, хамгааллыг нь дэмжих ажлыг тасралтгүй хийж байдаг. Гэхдээ л өнөөдөр хүүхэд хамгааллын 34 байр пиг дүүрэн байна. Эцэг, эхчүүд яагаад ийм хайр энэрэлгүй, гутранги болов. 

Сонгуулийн өмнө чухам хайртай болж чихэр боов барьж гүйдэг улстөрчдийг өнөөдөр жигшиж байна. Хүний, хүүхдийн амиар хэзээ ч улс төр битгий хийгээсэй. Үхрийн чихэнд ээмэг зүүж байхаар бүх гудамжаа камержуулаасай.

Нийгмийнхээ өнгө, дуу хоолойг эмчлэх хэмжээний чадвартай улстөрчгүй, дутуу хөтүүгээ нөхөх чадалтай эдийн засаг ч үгүй, үнэн зөвийг дэнслэж мэдээлэх сэтгүүл зүйгүй, түүнийг нь хүлээж авдаггүй ард иргэдтэй болж, эзгүй гэрт үлдсэн хэдэн хүүхэд шиг л харагдах болж дээ, бид.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу