ОХУ-ын Засгийн газар рублийн ханшийн өөрчлөлттэй уялдуулан, 2024 оныг дуустал эрчим хүчний үнэ тарифтаа экспортын уян хатан татварын систем нэвтрүүлэхээр болжээ. Тухайлбал,

нэг ам.доллар 80-85 рубльтэй тэнцэх ханштай байх үед экспортын татварын хэмжээг дөрвөн хувь, 85-90 рубльтэй тэнцэх үед 4.5 хувь, 90-95 рубльтэй тэнцэх үед 5.5 хувь, 95 рублиэс дээш давсан тохиолдолд долоон хувиар тус тус өсгөх нь.

Энэхүү системийг нэвтрүүлснээр, Монгол, Хятад, Азербайжан руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох, эсвэл нийлүүлэлтийг бууруулах шаардлагатай болсон байна.

ОХУ-ын эрчим хүчний экспортын “Интер РАО” компани аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улсуудад эрчим хүч нийлүүлэх үнэ тарифаа өсгөсөн талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт тус компани үнэ өсгөх саналаа Монгол, Азербайжан, Хятад, Өмнөд Осет, Гүрж улсуудад тавьжээ. Саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ хязгаарлах, цаашлаад бүрмөсөн зогсоохыг анхааруулсан байна.

“Интер РАО” компанийн төлөөлөгч “Монгол Улс шинэ тарифыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт үргэлжилж байна” гэж мэдээлжээ.

ТАСС агентлаг “Интер РАО” холдинг Монголын талтай тохиролцож чадсан, энэ чиглэлд нийлүүлэлт үргэлжилж байгаа талаар мэдээлэв. Агентлагийн мэдээлэлд “Монголтой бид амжилттай хэлэлцээ хийсэн. Монгол Улс үнэ нэмэх саналыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна хэмээн “Интер РАО” холдингийн төлөөлөгч мэдэгдсэн” гэжээ.

Албаны эх сурвалжаас ОХУ эрчим хүчний экспортын үнэ тарифаа нэмсэн эсэх талаар тодруулахад “ОХУ энэ жил хэдэн төгрөгөөр эрчим хүчний экспортын үнэ тарифаа нэмэгдүүлэхийг мэдэхгүй байна. Өвлийн ачаалал эхлээгүй болохоор худалдан авалт эхлээгүй байна.

Оросууд эрчим хүчний үнэ тарифаа жил бүр өсгөдөг. Монгол Улс өнгөрсөн жил гэхэд 1 квт-ыг 300 орчим төгрөгөөр худалдаж авсан. Оросууд жил бүр үнэ тарифаа нэмж байгаагаа ‘зах зээлийн зарчмаараа л’ гэж тайлбарладаг” гэсэн юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу