ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ-аас 12 настай охины алга болсон талаар болон бусад асуудлаар өнөөдөр /2023.10.05/ хэвлэлийн баг хурал хийлээ. 

ЦЕГ-ын мөрдөх байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Прокурорын зөвшөөрөл олгогдоогүй учир охин алга болсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй. 

Эрэн сурвалжлах ажиллагааны талаар товч мэдээлэл өгье. Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болсон Д гэгч охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Ажиллагааг ЦЕГ-ын ЭЦА-ны дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудоржоор ахлуулсан бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Мандах сумаас Өмнөговь аймгийн Манлай сумын хооронд зохион байгуулж байна. Үүнд Өмнөговь, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг, Дорноговь аймгийн Онцгой комиссын гишүүд, ОБГ-ын алба хаагчид нэгдэн ажиллаж байна. 

ОБЕГ-аас агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар өнөөдөр өглөөний 07:00 цагт Дорноговь аймгийн Мандах сум руу нисдэг тэрэг хөөрсөн. Мөн автомашинтай алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг хийж байна. Охиныг байж болзошгүй гэх бүх газруудад алба хаагчид ажиллаж байгаа. 

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж уриалмаар байна. Хүүхдийн асуудалтай холбоотой, батлагдаагүй эх сурвалжаас авсан мэдээллээ олон нийтэд цацаж, иргэдийг төөрөгдөлд оруулж байна. Хүүхэдтэй холбоотой асуудалд ингэж хандаж болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлч асуулт асуув.

-Цагдаагийн байгууллагаас мэдээллийг гадагш задлаад байна гэх хардлага үүссэн. Үүнийг шалгаж үзсэн үү?

-ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй ажиллагааны газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Олон нийтэд түгээгдээд байгаа мэдээлэл дотроосоо задарч байгаа эсэхийг шалгаж байна.

-Сэжигтэй этгээд өөрийгөө гэмтээсэн талаар бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тэр бичлэг хаанаас задарсан юм бол?

-Бас л албаны шалгалт хийж байгаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу